Мал амьтны тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016.05.20/ үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд танилцуулав.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөлд, хуулийн үйлчлэх хүрээнд зэрлэг амьтдаас мал, тэжээвэр амьтанд дамжин халдварладаг халдварт өвчнийг тандах судлах арга хэмжээг оруулах, өвчинтэй тэмцэх арга хэмжээнд халдварт өвчнийг тандах, дархлаажуулах, мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хянах, мал эмнэлгийн хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлэх, устгах, өвчний мэдээллийн сан бүрдүүлж ашиглах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэлгэрүүлж тусгах, сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа мал эмнэлгийн үйлчилгээний нэгжтэй гэрээ байгуулж, төсвийн санхүүжилтээр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээг хэрэгжүүлэх зэрэг өөрчлөлт оруулах саналуудыг дэмжсэн байна.

Хэлэлцүүлгийн шатанд байнгын хорооны хуралдаанаар дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон найруулгын шинжтэй саналаар нэг бүрчлэн санал хураалт явуулж дууссаны дараа хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн Л.Цог 2015.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нар танилцуулав.

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд заасны дагуу өнөөгийн байдлаар 17554 нэхэмжлэгч 16 тэрбум 300 сая төгрөгийн нөхөх олговор аваад байна. Нөхөх олговроо авч чадахгүй хохирч байгаа хэлмэгдсэн иргэд 1000 гаруй байна. Овог нэр, нас хүйс, үндсэн захиргаа зөрөх, хүн амын тооллогын бүртгэл болон бусад лавлах материалд тухайн нэхэмжлэгч, хэлмэгдсэн хүнтэй садан төрлийн холбоотой эсэх нь тогтоогдохгүй байгаагаас дээрх хүндрэл үүсч буй юм. Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгдээд цагаатгагдсан хүмүүсийн нэрийг хэвлэл мэдээллээр зарлаж, хэлмэгдэгчдийн эхнэр /нөхөр/, үр, хүүхэд, эцэг, эх, ах, эгч, дүү зэрэг хуулиар нэхэмжлэх эрх бүхий иргэдэд нөхөн олговор олгож байгаа боловч нэхэмжлэгч тодорхойгүйн улмаас 10,000 гаруй хэлмэгдэгчийн ар гэрт нөхөх олговор олгох асуудал хүлээгдэж байна. ЗХУ-д /хуучин нэрээр/ хүргэгдэж, тус улсын хуулиар ял шийтгүүлсэн 400 гаруй хүнээс хэрэг материал байгаа эсэх нь тодорхойгүй цөөнгүйхүн байгаа бөгөөд Улсын комиссоос ОХУ-ын холбогдох байгуулагуудад санал хүсэлт тавьсан байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин асуулт асууж хариулт авлаа.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 58.3 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нарын 6 гишүүн 2016.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/ -ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Л.Цог танилцуулав.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улсын гадаад бодлогын нэгдмэл, тогтвортой байдлыг хангаж, залгамж чанарыг хадгалах асуудлыг чухалчлан үзэж, холбогдох заалтуудыг оруулсан. Үе үеийн Засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс мөн энэ асуудалд анхаарч, гадаад бодлогыг “нэг цонхоор” явуулах зохицуулалт хийхэд чиглэсэн хүчин чармайлт, холбогдох шийдвэрүүдийг удаа дараа гаргаж байжээ. Гэсэн хэдий ч өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй эдгээр журам, тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаа бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтнууд нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдаагүй гадаад айлчлал, арга хэмжээг дур мэдэн хэрэгжүүлэх, Гадаад хэргийн яамны санал зөвлөмжид үл нийцэх яриа хэлэлцээ хийх, гэрээ байгуулах зэрэг явдал гарсаар байна. Энэ нь Монгол Улсын гадаад бодлого нэгдмэл байж, “нэг цонх”-оор хэрэгжих суурь зарчмыг алдагдуулж, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаварт хүргээд зогсохгүй Монгол Улсын олон улсын нэр хүндийг унагах эрсдэлд хүргэж байна. Иймд Монгол Улсын Их Хурлаас өгсөн үүргийн дагуу, гадаад харилцааны хэрэгжилтийг нэгдмэл байдлаар хангаж, тогтвортой, залгамж чанарыг хадгалах, гадаад харилцаанд оролцогч байгууллагуудын уялдаа холбоо, хариуцлагыг өндөржүүлж, батлагдсан төсвийг үр ашигтай зарцуулах, Монгол Улсын цаашдын хөгжил дэх гадаад харилцааны салбарын үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан гэдгийг хуулийн төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж дууссаны дараа хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг 73.5 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв. Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ