Кёкүшюзан Д.Батбаяр офшорчин биш гэдгээ батлуулжээ

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагын зарласан офшор данстнуудын дунд Монголын 49 иргэний нэр дурдагдсан. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаяр. Энэ талаарх мэдээллийг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт шалгаад хариу ирүүлжээ.

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж үзээд “Кекүшюзан Д.Батбаяр таны хүсэлтийн дагуу холбогдох шалгалтын ажиллагааг явуулахад Их Британийн Виржини аралд байрлалтай impox Co.Ltd, Gumax Co.Ltd, Abros Co.Ltd компаниуд нь танд хамааралгүй болох нь тогтоогдсон болно” гэсэн хариу өгсөн байна. Мөн Авлигатай тэмцэх газраас холбогдолгүй гэдгийг нь нотолсон бичиг ирүүлжээ. Тагнуулын ерөнхий газрын хувьд “Цагдаагийн газарт хандаж, хүсэлтээ шалгуулах ёстой” хэмээн тайлбар ирүүлсэн аж.

Д.Батбаяр гишүүн хэлэхдээ “Офшор данстай нь илэрсэн Д.Батбаяр гэгч би биш. Тэр нь өөр хүн гэдгийг холбогдох баримтууд баталсан. Д.Батбаяр гэгч Х.Бум-Эрдэнэтэй нийлж офшор бүсэд 2007 онд компани байгуулсан юм билээ. Тэднийг хуулийн байгууллагынхан шалгаж байгаа гэсэн. Би нэр төрөө цэвэрлэх үүднээс шалгуулж, офшор дансгүй гэдгээ баталлаа. Нэр холбогдсон 49 хүнээс өөрийн хүсэлтээр хандсан анхны хүн нь би гэсэн. Тэгэхээр цаашид нэр нь илэрсэн хүмүүс бас шалгуулах нь зүйтэй юм. Нэр нэгтийн чих нэг гэдэг юм болсон юм болов уу гэж бодож сууна. Андуурал гарч байгаа юм байна шүү гэдгийг хэлэх гэсэн юм.” гэлээ.

Мөн тэрээр УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихээр хүсэлтээ илэрхийлээд буйгаа сэтгүүлчдэд дуулгав. АН-ын ҮЗХ энэ сарын 27-нд хуралдаж, эцсийн шийдвэрийг гаргах юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ