Н.Энхбаярын НОЙТОН сюрприз
Өчигдөр орой МАХН-аас хэвлэлийн хурал зарлаж, Н.Энхбаяр тэргүүтнүүд нойтон өлсгөлөн зарлах болсноо дуулгав. Тэд өнөөдөр Чингисийн талбайд тайван жагсаал хийснийхээ дараа шууд нойтон өлсгөлөн зарлах бололтой. Тэрээр “Миний бие даах нь уу үзье. Өлсөөд үзнэ ээ” гэсэн хариулт хэлж байв. Улс төрийн сонгууль болохын өмнөхөн Н.Энхбаяр ингэж өөрийн биеэ сойж, сорьж үзэх нь эрсдэлтэйг олон хүн хэлж буй юм.
МАХН-ын гишүүн Н.Удвалын тайлбарласнаар, намын нөхөд нь Н.Энхбаяр даргадаа өлсгөлөн зарлахгүй байх талаар “учирлаж” гуйгаад тусыг эс олжээ. Тиймээс намынх нь нөхөд эв санааны нэгдлээ илэрхийлж, хамтдаа өлсөхөөр болсон байна. О.Баасанхүү гишүүн #c0c0c0;">“Өлсгөлөн зарлаад үр дүнд хүрэхгүй бол үхэх байлгүй дээ” гэх үг унагаж байх жишээтэй. Аашаа барсан улсын аяг гэж энэ байх.
Өлсгөлөн зарлах болсон шалтгаан нь Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамъян нарыг Цагдаагийн байгууллагаас ялгүйд тооцсон гэсэн бичиг өгөхөөс татгалзсанд байгаа аж.
Өмнө нь Н.Энхбаярыг Шадар сайдаар томилогдох асуудал сөхөгдөхөд АТГ-аас 2017 оны наймдугаар сар хүртэл ялтайд тооцно гэдгийг тодорхой тайлбарласан билээ. ТэрээрЭрүүгийн хуулийн 263-р зүйл, 150.3 дугаар зүйлд тус тус зааснаар ял сонсож, 2013 онд ерөнхийлөгчийн уучлалаар суллагдаж байв.
Эдгээр заалтуудаас 2015 онд батлагдсан Өршөөлийн хуулиар 150.3 нь өршөөгдсөн байдаг. Харин 263-р зүйл нь ерөнхийлөгчийн хоригийн дагуу өршөөлд багтаагүй билээ. Үүний улмаас АТГ Н.Энхбаярыг ялтайд тооцож буйгаа тайлбарладаг бол өөрөө 2009 онд 263 өршөөлд хамрагдсан гэж тайлбарладаг. Зүй нь Өршөөлийн хууль батлагдсан цагаасаа хойш байнга хэрэгжих боломжтой бол Монгол улс энэ төрлийн хуулийг тодорхой цаг үеүдэд батлан гаргахгүй байсан баймаар.
Намын даргаа өмөөрөн “матрын нулимс унагасан” Э.Эрдэнэжамъянгийн хувьд Хууль зүйн дэд сайд байхдаа Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа нарыг интерполоор хайх ажиллагааг зогсоох чиглэл бүхий захиаг улсаа төлөөлөн бичсэн хэргээр төрийн албанд ажиллах боломжоо хоёр жилээр хасуулсан Шүүхээс уг шийдвэр 2014.09 сард гарсан. Түүнд Эрүүгийн хуулийн 145.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан билээ. Уг зүйл анги 2015 оны Өршөөлийн хуулиар өршөөгдсөн хэдий ч хуулийн хүрээнд ялтайд тооцох хугацаа дуусгавар болоогүй гэж үзэж байгаа аж.
Э.Эрдэнэжамъян Хууль зүйн дэд сайдынхаа албыг хүлээлгэн өгснийхөө дараа “Би 2016 онд төрд ажиллаад яах ч юм билээ. 2020 онд л эргэж ирнэ дээ” гэх тайлбар хийж байв. Одоо эл үгээ ор тас мартаж орхиод, нэр дэвших эрхийн төлөө Н.Энхбаярын хамт нойтон өлсгөлөн зарлах гэж байна. Тэд өлсгөлөн зарлах бэлтгэлээ базааж, эрүүл мэндийн үзлэгтээ орно гэв.
Хамаг гишүүд нь сонгууль болохын өмнөхөн “урваж”, одоо МАХН-д Н.Энхбаярын тууштай тойрон хүрээлэгчид гэгддэг Н.Удвал, О.Баасанхүү, Э.Эрдэнэжамъян нар л үлдээд байна. Тэр ч утгаараа 76 тойрог бүрдүүлэхэд МАХН-д орон зай, олон хүн хэрэг болж буй. Мэдээж энэ хоосон орон зайг боломж тааруулаад ашиглачих гэсэн мөнгө нь илүүдсэн улс намынх нь байраар үргэлж холхиостой.
“Н.Энхбаяр дарга аа, хоёулаа нөгөө тохироогоо яах вэ” гэж өрөөнийх нь үүдэнд хүлээсэн эмэгтэй хэлэхэд нөгөөх нь сэтгүүлчийн хажууд мэдэхгүй бантах жишээтэй. Эмэгтэй нь тойрог ярьсаар өрөө рүү нь харваж орох. МАХН-ын байраар нэг иймэрхүү л сонинтой байна.
Эцэст нь хэлэхэд хууль бол хууль. Хуулийг эрх бүхий субьект л тайлбарлана. Түүнээс биш хэн дуртай нь өөрийн тааламжит өнцгөөсөө тайлбарлаад, муйхарлаад зүтгээд байж болохгүй. Тэгээд ч нийгэм өөрөө өдөр тутмын асар их мэдээлэл дунд шинэ сенсаациас нөгөөд хурдан шилжиж байна. Хуулийг өөртөө ашигтайгаар нийцүүлэх зорилгоор өлсгөлөн зарлаж буй Н.Энхбаярын нойтон сюрприз үр дүнд хүрэх нь юу л бол.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ