СЕХ-нд ЕАБХАБ-ын ажиглагчид ажиллаж байна

Сонгуулийн Ерөнхий Хорооны даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/11 тоот захирамжаар Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах Ажлын хэсгийг байгуулсан.

Уг Ажлын хэсэг 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нам, эвслийн нэр дэвшигчдийн баримт бичгийг, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд бие даан нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авна.

Эхний ээлжинд нэр дэвшигчдийн баримт бичгийг баримтын дагуу бүрдэлээр нь хүлээн авна. Ийнхүү хүлээн авснаас хойш нягтлан шалгах ажлыг гүйцэтгэх юм.

Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар ирсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын сонгуулийн урт хугацааны ажиглагчид Сонгуулийн Ерөнхий Хороон дээр ажиллаж байна. Тэд өнгөрсөн онд шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуулийн орчинд сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж явуулж буй сонгуулийн бэлтгэл ажил, сонгуулийн үйл явцад ажиглалт хийж байгаа юм.

ЕАБХАБ-аас сонгуулийн урт хугацааны 14 ажиглагч, богино хугацааны 300 орчим ажиглагч Монгол Улсын сонгуулийн үйл ажиллагааг ажиглана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ