Монголын телевизүүдийн холбооноос ил захидал илгээжээ

Сонгуулийн тухай хуулинд нэр дэвшигч болон намуудын сонгуулийн хугацааг 19 хоног болгож, хэвлэл мэдээллээр сурталчилгаа явуулах хугацааг нэг цагийн хязгаартайгаар тогтоосон. Тэгвэл цаг хугацааны энэхүү асуудалтай холбоотойгоор Монголын телевизүүдийн холбооноос Үндсэн хуулийн цэц, Улсын их хурал, Сонгуулийн ерөнхий хороонд ил захидал илгээжээ.
Ил захидалд тухайлбал, улс төрийн нам эвслүүд сурталчилгааны цагийг гэрээ байгуулж захиалсан үед л тухайн нэр дэвшигчид энэ цагт нэвтрүүлэг, сурталчилгаа явуулах, сонгогчдод өөрийгөө таниулах боломжтой болно гэдгийг дурджээ. Түүнчлэн иргэд, сонгогчдын дунд төөрөгдөл, үл ойлголцол үүсгэж, ноцтой нөхцөл байдал ч үүсч болзошгүй хэмээн үзээд эдгээр заалтыг нэн даруй өөрчлөн засахыг Телевизүүдийн холбооноос уриалсан байна.
Учир нь сонгуулийн сурталчилгааны нэг цаг нь сонгуулийн холимог буюу 48 гишүүнийг томсгосон тойргоос, бусад 28 гишүүнийг намын жагсаалтаар сонгох хувилбартай зохицно гэж үзэж байв. Харин хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын сонгуулийг мажоритар буюу нэг мандат бүхий жижиг 76 тойргоор зохион байгуулахаар болсон.
Ийнхүү сурталчилгааг хязгаарласан энэ заалт нь Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох, сонгогдох эрх, хэвлэн нийтлэх эрхийг ноцтойгоор зөрчиж, улмаар ардчилсан тогтолцооны мөн чанар болох мэргэн сонголт хийх боломжийг бууруулж, төрийн засаглалын, парламентад итгэх иргэдийн итгэлийг хөсөрдүүлэхэд хүргэнэ гэж үзжээ.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ