З.Энхболд: Н.Энхбаярын асуудал одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуультай холбоотой

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өчигдөр АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн хөтөлбөрийн дарга, төлөөлөгчдийн танхимын гишүүн Питр Роскам тэргүүтэй Конгрессын гишүүд бараалхсан билээ. Уулзалтын үеэр талууд хууль тогтоох үйл явцын талаар болон бусад олон талын асуудлаар ярилцаж, санал солилцсон юм.
Мөн энэ үеэр Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Жим Макдормет УИХ-ын дарга З.Энхболдоос МАХН-ын дарга Н.Энхбаярын сонгуульд нэр дэвших эрхийн талаар тайлбар хүсчээ. Тэрээр, “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр авлигын хэргээр шүүгдээд, дараа нь өршөөлд хамрагдсан. Тэрээр Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа, үүний тулд намынхаа 17 гишүүний хамтаар өлсгөлөн зарлаад байгаа юм байна. Хөндлөнгөөс харахад ойлгоход бэрх энэ үйл явцын талаар Та тайлбарлаж өгнө үү” гэв.
Улсын Их Хурлын дарга хариулахдаа:
Энэ бол одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуультай холбоотой. Энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс бид шинэ Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх юм. Одоогийн Эрүүгийн хуульд хуучин нийгмийн тогтолцооноос үлдсэн зүйл гэвэл хүн ял эдлээд дуусахад, үүний дараа “ялтай тооцох хугацаа” гэдэг тодорхой хугацаа байдаг. МАХН-ын дарга Н.Энхбаяр, нам нь манай намтай хамтарч Засгийн газар байгуулсан. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд “Намайг уучилсан, мөн Өршөөлийн хууль батлагдсан учраас миний ялтай тооцох хугацаа дууссан” гэдэг байр суурьтай байгаа. Харин Цагдаагийн байгууллагын зүгээс “Таны ялтай тооцох хугацаа дуусаагүй” гэсэн. Ийм л маргаан байгаа.
Ирэх сонгуулиар ийм маргаан гарахгүй, учир нь шинээр дагаж мөрдөх Эрүүгийн хуульд “ялтай тооцох хугацаа” гэдэг ойлголтыг байхгүй болгосон. Энэ удаагийн парламентын хийсэн хамгийн том реформ бол 1990 оноос өмнө байсан Эрүүгийн хууль болон хуулийн салбартай холбоотой реформыг бүрэн хийж дуусгасан. “Ялтай тооцох хугацаа” гэдэг ойлголт Сонгуулийн тухай хуульд орсон нь зөв эсэх талаар би хувьдаа бодоод л байгаа. Улсын Их Хурлын гишүүнийг ард түмэн сонгодог болохоос Цагдаагийн даргын бичгээр сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах нь буруу гэж бодож байна" гэсэн юм.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ