Хууль, тогтоолын төслүүдийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Болор Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын экспортын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өчигдөр /2016.05.31/ өргөн барив.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны 05 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэхэд туслахад зориулан нэг тэрбум ам.долларын зээл олгоход бэлэн буйгаа мэдэгдсэн билээ.

Уг хөнгөлөлттэй зээлийн шугамыг нээхээр болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 130 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан, холбогдох яамдын Сайд, газрын дарга нарын төлөөлөл ажиллаж байгааг хууль санаачлагч Улсын Их Хурлын даргад танилцуулав. Дээрх ажлын хэсэг болон Сангийн яам зээлийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн саналуудыг холбогдох байгууллагуудаас авч нэгтгэсэн бөгөөд Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар зээлийн хөрөнгийг төмөр замын төслүүдийг санхүүжүүлэхээр хэлэлцжээ.

Мөн тэрээр Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурлаас 2011 онд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг баталж, уг хуулиар Хөгжлийн банкны үйл ажиллагааны эрх зүйн үндэс бий болсон. Хөгжлийн банк нь Монгол Улсын томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх замаар эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарыг санхүүгийн үйлчилгээгээр дэмжин хөгжүүлэх зорилготой төрийн өмчит төрөлжсөн банк юм.

Хуулийн төсөлд Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх чиглэлээр тус банкны өөрийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр шаардлагатай тохиолдолд нэмэлт хувьцаа гарган, хувийн өмчит хуулийн этгээдэд худалдаж болох талаар зохицуулалт тусгажээ. Мөн банкны засаглалыг сайжруулах чиглэлээр төлөөлөн удирдах зөвлөлийн эрх, үүргийг нарийвчлан тусгасан байна.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарууд болон уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрийн томоохон төслүүдийг шуурхай хэрэгжүүлэх нөхцөл бүрдэхийн зэрэгцээ цаашид эдийн засгийн өсөлтийг хангах ядуурлыг бууруулах, иргэдийг ажлын байр, тогтмол орлогын эх үүсвэртэй болгоход чухал нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагч үзжээ.

Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Засгийн газар олон улсын банк, санхүүгийн байгууллага болон хандивлагч орнуудтай хөнгөлттэй зээл, буцалтгүй тусламжийн гэрээг 1994 оноос байгуулан дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж иржээ.

Олон улсын гэрээний тухай хуульд зааснаар гадаад улс, олон улсын байгууллагаас авах хөнгөлөлтэй зээл, буцалтгүй тусламжийн гэрээ нь Улсын Их Хурлаас соёрхон баталснаар хүчин төгөлдөр болдог бөгөөд Монгол Улсын Засгийн газар энэхүү гэрээний дагуу тухайн гэрээнд заасан төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын хуулиар тогтоосон зарим татвар, хураамжаас чөлөөлөх үүргийг хүлээдэг. Мөн зээлийн болон буцалтгүй тусламжийн гэрээнд тухайн гэрээнд заасан ажил, үйлчилгээг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа тухайн санхүүжүүлэгч байгууллагын дүрэм, журмыг мөрдлөг болгохоор заасан байдаг.

Гадаадын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа ажил гүйцэтгэх гэрээний хугацаа нь харилцан адилгүй байдаг онцлогийг харгалзан гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг арилгах, уг төсөл, арга хэмжээний хүрээнд гүйцэтгэгдэж байгаа ажлыг эрчимжүүлэх зорилгоор Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулсан гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зориулалттай бараанд гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хугацааг тогтоох талаарх зохицуулалтыг тусгасан болохыг Улсын Их Хурлын даргад танилцууллаа. Хуулийн төсөлбатлагдсанаар улсын төсвөөс нэмэлт зардал шаардахгүй бөгөөд гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад үүсээд байгаа хүндрэлүүдийг арилгаж, төсөл арга хэмжээг хугацаанд нь хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзсэн байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн өчигдөр өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Гааль, татварын ерөнхий газарт ажиллаж Улсын Их Хурлаар 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр татварын шинэчлэлийн бодлогын хүрээнд шинэчлэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилттэй танилцан албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэл хувийг 4 сард багтаан буцаан олгох талаар Сангийн сайд, Гааль, татварын ерөнхий газрын даргад үүрэг өгсөн байна. Ерөнхий сайдын үүргийн дагуу албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэлх хувийг энэ онд буцаан олгохын тулд татварын болон төсвийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, буцаан олгох санхүүгийн эх үүсвэрийг төсөвт тусган шийдвэрлэх асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж батлуулах шаардлага үүссэн байна. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд болон Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. Албан татвар төлөгчид нэмэгдсэн өртгийн албан татварынбуцаан олголтыг энэ жил олгохын тулд эх үүсвэрийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тусган шийдвэрлэх шаардлага бий болжээ. Татварын албаны цахим төлбөрийн баримтын системд 2016 оны 1 дүгээр улирлын байдлаар 31758 аж ахуйн нэгж, иргэн бүртгүүлсэн, 38310563 баримт хэвлэгдсэн, 15771545 баримт баталгаажсан үзүүлэлттэй байна. Нийт 5216 албан татвар төлөгч иргэн НӨАТ суутган төлөгч аж ахуйн нэгжээс 385 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн, нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэлх хувийн буцаан олголтоор нь 5.8 тэрбум төгрөг авахаар юм байна. Энэхүү хуулийн төсөл батлагдснаар нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтоо иргэд жилд 2 удаа буцааж авах боломж бүрдэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ