"2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ"-г үзэглэнэ

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Гадаад хэргийн сайд, НҮБ-ыг төлөөлөн НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Б.Транкман нар “НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичигт 6 дугаар сарын 3-ны өдрийн 11.30 цагт гарын үсэг зурна.

“НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичиг нь “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” болон “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль”-тай нягт уялдсан бодлогын баримт бичиг юм.

“НҮБ-аас 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн дагуу НҮБ ирэх 5 жилийн хугацаанд Байгалийн нөөцийн хүртээмжтэй өсөлт, тогтвортой менежментийг дэмжих, Нийгмийн хамгааллыг сайжруулах, чанартай, тэгш нийгмийн үйлчилгээг дэлгэрүүлэх, Олон нийтийн дуу хоолой, тайлагнах зарчмыг бэхжүүлэх гэсэн 3 үндсэн чиглэлээр манай улсад хөгжлийн тусламж үзүүлнэ.

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030 болон Тогтвортой хөгжлийн зорилтуудад тодорхойлсон үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү баримт бичгийг Монгол Улсын Засгийн газар болон Монгол Улс дахь НҮБ-ын системийн байгууллагууд хамтран хэрэгжүүлэх бөгөөд үйл ажиллагаагаа нягт уялдуулан хамтын түншлэлээ бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгын хүрээнд НҮБ 2017-2021 онд нийт 79 сая ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх юм.

Гадаад хэргийн яам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ