Сонгуультай холбоотой зөрчлүүдийн талаар мэдээлнэ

Сонгуулийн сурталчилгаанд ШӨХТГ, Харилцаа холбооны зохицуулах хорооноос хяналт тавьж ажиллаж байгаа. Сурталчилгаа эхлээд 3 дахь өдрийн байдлаар сошиалаар олон шүүмжлэл, хошигнолууд урсаж байна. Хаа сайгүй явж байгаа тэдгээр шүүмжүүдийг энд давхардуулж нурших гэсэнгүй. Харин янз бүрийн зөрчлүүд их гарч байгаа бололтой. Сонгуультай холбоотой зөрчил, мэдээллийг СЕХ хүлээж авахгүй. Харин дээрх хоёр байгууллагаас гадна цагдаагийн байгууллага мөн иргэдээс мэдээлэл авч ажиллаж байгаа юм. ШӨХТГ-т иргэдээс сонгуулийн сурталчилгаатай холбоотой мэдээллүүд ирүүлсээр байгаа бөгөөд уг асуудлаар энэ долоо хоногт албан ёсоор мэдээлэл хийхээр болжээ. Хэвлэлийн хурлаа энэ лхагва гарагт хийх бололтой. Тиймээс урьдчилж зөрчил, гомдлын тухай мэдээлэл өгөх боломжгүй гэж байгаа юм.

Саяхан зурагтаар нэгэн нэр дэвшигчийг доромжилж, улмаар сүрдүүлэх аястай төлбөрт нэвтрүүлэг гарсан. Гэхдээ энэ талаар ШӨХТГ-т ямар нэгэн гомдол ирээгүй байна.

Сонгуулийн ерөнхий хорооны хувьд сонгуулийн бэлтгэл ажил нь үндсэндээ цэгцэрч, дуусах гэж байгаа аж. Тухайлбал, саналын хуудсууд хэвлэлтэнд орлоо. Санал тоолох төхөөрөмжийг шалгаж баталгаажуулах ажил хийгдэж байна. Маргаашнаас сонгуулийн санал тоолох төхөөрөмж болон бусад тараах материал зэргийг орон нутаг руу зөөвөрлөх юм байна. Мөн songuuli2016.mn аппликэйшнийг ажиллуулж байна. Эндээс өөрийнхөө харьяа тойргийнхоо бүх мэдээллийг авах боломжтой.

Дашрамд дуулгахад, санал тоолох машинд эргэлзэж буй иргэдэд зориулж нэгэн мэдээллийг хүргэе. Саналын хуудсанд тэмдэглэгээ хийдэг пламастерыг “но”-той, тусгайлан санал тоолох машинд зориулагдсан гэх мэтээр ярьдаг. Тэгвэл энэ нь хаа сайгүй байдаг энгийн л пламастер гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Спиртлэг чанар өндөр учраас амархан хатаж, машинд уншуулахад ямар нэгэн байдлаар арилах, балрах зэрэг асуудал үүсдэггүй бөгөөд машины толгойг бохирдуулдаггүй гэх мэт ач холбогдолтой гэнэ. Тэгэхээр ямартай ч энэ пламастерыг хардаж сэрдэх шаардлагагүй юм байна.

Эцэст нь сануулахад, сонгуулийн явцад гарч байгаа аливаа хууль бус ноцтой, ялангуяа нэр төрд болон биед халдах зэрэг үйлдлүүдийг СЕХ бус хууль хяналтын байгууллага хүлээн авч, хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ. Бид ШӨХТГ-аас өгөх мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ