Хархориныг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх сонирхолтой байна

Жилдээ 20-30 мянган жуулчин ирдэг эртний нийслэл Хархориныг нутгийн иргэд нь аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх саналтай байгаагаа УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрог буюу Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшиж буй Я.Содбаатарт уламжиллаа. Мөн мал аж ахуй болон газар тариаланг зэрэгцүүлэн хөгжүүлэх саналтай байгаагаа ч дуулгасан юм.
Хүн амын тоогоороо Өвөрхангай аймагтаа тэргүүлдэг Хархорин суманд өнөөдөр 12 мянга 600 иргэн амьдарч байна. Бусад сумтай харьцуулахад хүн амын суурьшил ихтэй энэ бүс нутагт иргэд рүүгээ чиглэсэн, тэднийг хөгжүүлэх бодлогоо цаашид хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг УИХ-ын гишүүн Я.Содбаатар иргэдтэй уулзах үеэрээ онцоллоо. Тэрбээр “192 мянган толгой малтай Хархорин сум мал аж ахуйн үйлдвэрлэл хөгжвөл нийслэл рүү чиглэх мах болон сүү, сүүн бүтээгдэхүүн цагаан идээ малчдын анхлан тогтоосон үнээр хотын иргэдэд шууд хүрнэ. Аялал жуулчлалын нэгдсэн цогцолбор бүстэй болбол олон иргэнийг ажлын байртай болгохыг сацуу байгалийн үнэт түүхэн дурсгалт газраа эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой” гэв.
Мөн нэг жилийн төсвийн орлого нь дөрвөн тэрбумаар хэмжигддэг Хархоринд мал аж ахуй, газар тариалан болон аялал жуулчлал давамгайлсан үйлдвэрлэлийг бий болгох мөрийн хөтөлбөрийг МАН боловсруулсан гэдгийг тэрбээр тодотгов.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдийн санал бодлыг сонссон юм.
Хархорин сумын Эрдэнэтолгой багийн иргэн Б.Бямбацэрэн: Залуучуудад ажлын байр хэрэгтэй байна
-Тэтгэврийн зөрүүг арилгах талд анхаарах хэрэгтэй гэж боддог. Мөн халамжийн асуудалд анхаарах нь чухал. Залуучуудад ажлын байр хэрэгтэй байна. Социализмын үед хүн бүр ажилтай байлаа. Наймдугаар анги төгссөн ч ажил хийдэг байсан. Гэтэл одоо бүгд л их, дээд сурууль төгсөж байгаа ч ажилгүй байна. Үүнд анхаарах ёстой гэж бодож байна. Мөн хувийн дээд сургуулиудын сургалтын чанарт онцгой анхаарах шаардлагатай байна. Хувийн их, дээд сургууль төгсөөд ажиллаж байгаа хүүхдүүдийн мэдлэг, ажилд хандах чадвар сул юм шиг санагддаг. Төлбөр авсан л бол төгсгөх ёстой гэж ойлгож байгаа энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Үүнээс гадна цэцэрлэгийн хүртээмж тааруу байна. Жил бүрийн намар хүүхдээ цэцэрлэгт хамруулахын тулд хонон өнжин дугаарлаж байна. Хүүхдүүдээ цэцэрлэгт явуулах гэж дугаарлаж үзээгүй байж ач зээгээ цэцэрлэгт явуулах гэж хонож дугаарлаж байна шүү дээ.
Хархорин сумын Онгоцон-Ухаа багийн малчин П.Нямсүрэн: Малчдаа анхаараарай
-Малчдад тулгамдсан асуудал олон байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар бид малаа бэлчээх нутаггүй боллоо. Учир нь бэлчээрийн нутагт рапс тарьж байна. Мөн мал болон махан бүтээгдэхүүний ханш унасан. Засгийн газраас ноос болон арьс ширний урамшуулал өгч байгаа. Гэхдээ энэ нь надад торгууль шиг болоод байна. Үүнтэй олон мянган малчин санал нийлэх байх. Адууны шир 40, үхрийн шир 30, ямаа, хонины арьсаа 20 мянгаар борлуулдаг байсан цаг саяхан. Гэтэл өнөөдрийн байдлаар хонины арьс үнэгүйдэж, хог дээр хаягдаж байна шүү дээ.
Хархорин сумын Онгоцон-Ухаа багийн Б.Цэнгэлтана: Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар хэрэгтэй байна
-Миний хувьд анх удаа сонгуульд оролцож, саналаа өгөх гэж байна. Залуу хүнийхээ хувьд нутаг орноо хөгжиж, цэцэглээсэй гэж дандаа боддог. Манай нугагт залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар хомс байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдээсэй гэж хүсэж байна. Тухайлбал, кино театр, гэрэлтүүлэг тохижилт сайтай тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн хэрэгтэй байна. Манай сум бусад сумтай харьцуулахад бүх зүйлээрээ давуу талтай. Гэхдээ хөгжил удаан байна гэж боддог хэмээн УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Я.Содбаатарын сонгуулийн штабаас мэдээллээ.



3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ