Ц.Элбэгдорж: Сонгууль шударга болно гэдэгт итгэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11.30 цагт Орос гуравдугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өгсний дараа “Энэ удаагийн сонгууль УИХ, Аймаг нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн нэг дор сонгож буйгаар онцлогтой. Ард иргэд минь сонгуульдаа идэвхтэй оролцож байгаад маш их талархаж байна. Ийм сонгуультай болох гэж монголчууд олон жил ажилласан. Ард түмний минь олон жилийн зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр бид сонгуулиа амжилттай зохион байгуулдаг болсон. Манай иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байж төрийн тухай ярих эрх үүсч байгаа. Техник хэрэгсэл хөгжөөд сонгуулийн үр дүн хурдан гарна. Сонгууль шударга, сайн явагдана гэдэгт итгэлтэй байна. Сонгуулийн үр дүнгээр бид шинэ Засгийн газар, УИХ-аа байгуулна. Тэр ажилдаа эрчимтэй орох ёстой. Хуулиа баримталж ард түмнийхээ амгалан тайван байдлыг дээдэлж, хүний эрхийг дээдэлж сонгуульдаа оролцоно гэдэгт итгэлтэй байна. Сонгуульдаа ирж саналаа өгнө гэдэг иргэний үүргийн асуудал. Сонгууль хуулийн дагуу шударга болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Ард түмний амгалан тайван байдлыг дээдэлж, хүний эрхийг дээдэлж сонгуульдаа оролцоно гэдэгт итгэж байна. Та бүхэнд баярлалаа” гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ