Л.Эрхэмбаяр: 60 гаруй зөрчлийг манай төв штабт ирүүллээ

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдэгдэл хийлээ. Тэрээр “Сонгууль хуулийн хүрээнд шударга, эмх журамтай явагдаж, төрөө амар амгалан байгуулах нь зүйтэй гэж Ардчилсан нам үзэж байгаа. Гэтэл МАН-ын болон бусад намуудын нэр дэвшигчидтэй холбогдсон 60 гаруй зөрчлийг манай төв штабт ирүүллээ. 60 гаруй зөрчил дотор МАН-ын нэр дэвшигчийн нэрийг татуулах ноцтой үр дагавар бүхий нэлээд хэдэн зөрчил байна. Тухайлбал нэр татуулах үндэслэл нь бүрдэж шүүхийн шийдвэр гарсан нэг зөрчил байгаа. Баянзүрх дүүрэгт 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслагч сонгогчдын санал авах зорилгоор мөнгө тараасан нь шүүхээр тогтоогдсон байна. Энэ талаар МАН өчигдөр мэдэгдэл гаргасан. Ингэхдээ нэлээд тэвдэж, худлаа мэдэгдэл гаргасан байна. Энэхүү мэдэгдэлд нэр дэвшигч Д.Оюунхорол нь иргэдэд мөнгө, эд зүйл тараагаагүй бөгөөд шүүх цагдаагийн ямар ч шийдвэр гараагүй байна гэжээ. Гэтэл 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Энэ шийдвэрт Иргэн Н.Энхзаяа нь сонгуулийн тухай хууль зөрчиж сонгогчдын саналыг татах зорилгоор сонгуулийн нэр бүхий хүмүүст мөнгө тараасан болох нь зөрчлийн материалд авагдсан Атар, Мэндсайхан Наранчимэг, Тамир, Тугмандах, Хишигжаргал нарын тайлбарууд бичлэг бүхий сиди, бусад бичмэл баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэжээ. Өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэр гарчихсан нэр дэвшигчийн нэрийг татах эрхзүйн үндэс бүрдсэн байна.
Мөн Н.Энхзаяа нь Монгол УлсынИх хурлын ээлжит сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслагчаар бүртгэж үнэмлэх олгосон гэсэн Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны бичиг байна” гэлээ.
“Мөн Увс аймагт нэр дэвшин өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын сонгуулийн штаб иргэдэд мөнгө тараах гэж байгаад баригдсан нь одоо аймгийн Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа.
Дорнод аймагт нэр дэвшин өрсөлдөж байгаа Х.Болорчулууны сонгуулийн штаб нь сонгогчдыг автобусаар зөөвөрлөн саналыг нь өгүүлж, хууль зөрчсөн.
Архангай аймагт нэр дэвшин өрсөлдөж байгаа МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын сонгуулийн хаалтын үйл ажиллагааны үеэр МАН-ын гишүүн Б.Төмөр-Очир “Архангай аймгийн Ардчилсан намын сонгуулийн штабаас хууль бус үйлдэл хийж, Ж.Мөнхбатын сонгуулийн штабт ажиллаж байсан хүний биед халдсан” гэж нотлогдоогүй зүйл ярьсан.
“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой ташаа мэдээллийг МАН-аас зохион байгуулалттайгаар тараасан зэрэг асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах болсон” гэлээ. Санал авах 1998 байрны үүдэн дээр гүтгэлэгийн чанартай мессэжүүдийг МАН-ынхан иргэдэд тарааж байгаа талаар АН-ын штабт олон гомдол иржээ.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ