МАХН-аас нэр дэвшигчийн нэрийг татжээ

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж байсан Ц.Оюунсайханы нэрийг шүүхийн шийдвэрийг үндэслэн татсан болохыг албан ёсоор мэдэгдлээ. Нэр татсан шалтгаан нь тэрээр Сонгуулийн тухай хуульд шашны холбогдолтой үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалтыг зөрчсөн байна. Нэр дэвшигч давж заалдахгүй, торгуулийн мөнгөө төлсөн гэсэн тайлбарыг СЕХ-нд ирүүлсэн тул нэр дэвшигчийн жагсаалтаас ийнхүү хасчээ.
Харин УИХ-ын сонгуулийн 14 дүгээр тойрог буюу Дорнод аймагт МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай холбоотой гомдлыг аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд Давж заалдах хугацаа дуусаагүй гэсэн тайлбарыг СЕХ-нд ирүүлсэн тул уг асуудлыг хойшлуулсан байна.
Түүнчлэн УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын асуудлыг тодрууллаа. МАН-аас Д.Оюунхоролын шадар туслах н.Энхзаяад холбогдох хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдээгүй хэмээн мэдээлсэн бол СЕХ-ноос дараах тайлбарыг өглөө. Сонгуулийн тухай хуульд заасан сонгогчийн саналыг татах зорилгоор мөнгө тараахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэх н.Энхзаяад холбогдох гомдлыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зургадугаар сарын 24-нд хэлэлцэн, хууль зөрчсөн нь тогтоогдсон гэдэг шийдвэр гаргасан байна. Гэхдээ шүүхийн шийдвэрийг н.Энхзаяа нь гар дээрээ аваагүй байгаа бөгөөд давж заалдах хугацаа дуусаагүй гэсэн учраас Сонгуулийн ерөнхий хороо энэ асуудлыг мөн хойшлуулсан гэв.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ