Л.Эрхэмбаяр: Г.Баярсайханыг мөнгө тараасан гэж үндэсгүйгээр гүжирдлээ

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр дахин хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрээр "“УИХ-ын 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслах нь Сонгуулийн тухай хууль зөрсөн нь шүүхээр тогтоогдсон тухай өмнө нь мэдээлсэн. Гэтэл МАН-аас үүнийг гүтгэлэг хийлээ хэмээн мэдэгдсэн байна. Бид гүтгээгүй. Д.Оюунхоролын шадар туслах Н.Энхзаяа нь Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тогтоосон гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдаж байгаа талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийхдээ хэлсэн. Орон нутгийн сонгууль дээр элдэв маргаан, булхай гарч байгаа талаар орон нутгийн сонгуулийн штабаас мэдээлэл ирж байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн 37 дугаар тойрогт Д.Мөнхбаатарын ухуулагч нар гар утасны нэгж тараасныг Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтсээс шалгаж байна.

Бүх аймгийн төлөөллийг байршуулж 1998 машинд хяналтын тооллого хийсэн. УИХ-ын сонгуулийн 67 дугаар тойрогт хариуцлагагүй нэг нөхрөөс болж, будилаан гарсныг эс тооцвол 1997 машин үнэн зөв тоолж байна гэдгийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Гэтэл санал тоолох машин нь АН-ын талд байгаа гэсэн цуу яриа гаргаж байгааг эрс эсэргүүцэж байна.

Нэр дэвшигч Г.Баярсайханыг сүүлийн 14 хоногийн турш нүцгэн шалдан, эвлүүлэг хийж доромжилсон. Өнөөдрөөс эхлэн мөнгө тараасан гэж ор үндэсгүйгээр гүжирдлээ.

Төв аймагт нэр дэвшин өрсөлдөж байгаа А.Сүхбат намынхаа мөрийн хөтөлбөрт огт тусгаагүй асуудлаар амлалт өгснийг хууль хяналтын байгууллагаар шийдүүлэх гэсэн ч одоог болтол шийдэгдээгүй. Сонгинохайрхан дүүрэг, Төв, Хөвсгөл аймгуудад өгсөн гомдолд цагдаагийн байгууллага хөшүүн хойрго хандаж байна.

Өрсөлдөгч намын зүгээс санал авах байрны өмнө зохиомол дугаарлал үүсгэх, элдэв явуулга хийж байгаа талаар мэдээлэл ирж байна.

УИХ-ын сонгуулийн 52 дугаар тойрогт гэр бүл, ахан дүүсээрээ саналаа өгөх гэж очиход нь эхнэрийг нь зодсон мэдээлэл ирлээ.

АН-аас 21.00 цагаас мөнгө тараана гэсэн явган яриаг зориудаар тарааж байна. АН мөнгө тараахгүй, сонгуульд шударгаар өрсөлдөх болно. Сонгогчдыг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байна” гэлээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ