2000 гаруй саналын хуудас хүчингүй болжээ

"Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ" нь 2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн санал авах, тоолох, дүнг гаргах, техникийн тооллого хийх үйл ажиллагаанд ажиглалт хийсэн юм. Ингэхдээ 202 сайн дурын ажиглагчийн дэмжлэг оролцоотой ажиглалт хийжээ.

Нийслэлийн есөн дүүргийн 101 хэсгийн хороон дээр хийсэн ажиглалтын дүнг Сүлжээний гишүүн байгууллагууд болох "Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд", "Бодлогод залуусын хяналт" зэрэг ТББ-ууд өнөөдөр танилцууллаа.

Ажиглагчдынирүүлсэн мэдээллийг нэгтггэж үзээд сонгуулийн үйл явц хуулийн хүрээнд явагдсан ба сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гарааагүй гэж дүгнэснээ онцоллоо.

Сонгуулиар санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын дүнг төв сервер рүү шууд дамжуулах, ингэхдээ мэдээллийн технологийг ашиглан шууд дэлгэцэнд гарган үзүүлсэн нь олон нийтийн дунд байсан эргэлзээг тайлжээ. Эдгээр ажлыг Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл технологийн хэлтсийнхэн өндөр төвшинд зохион байгуулж, сайн ажилласныг тэд онцоллоо.

Цаг агаарын нөхцөл байдал болон газар зүйн байршлаасаа хамаарч зарим аймаг орон нутгийн хувьд сүлжээ саатах магадлалтай байсан хэдий ч энэ талын асуудалгүй газруудын сонгуулийн хэсгийн хороо саналын дүнгээ ирүүлэхгүй барьсан тохиолдол гарсан байна. Гэхдээ санал хураалтын дүнг гаргах үйл явц өмнөхийг бодвол илүү хурдтай бөгөөд ил тод болсон гэж дүгнэжээ.

Монголд ашиглаж байгаа санал тоолох төхөөрөмж нь Америкийнхаас систем нь өөр, тодорхой хэмжээгээр гар ажиллагаа шаарддаг, хяналтын систем нь сайн хийгдсэн төхөөрөмж гэдгийг мөн энэ үеэр хэлж байлаа.

Цаашдаа анхаарах зарим асуудал байгаа гэдгийг дурдлаа. Тухайлбал,

-Тест хийж байсан системийн цагаа солиогүйгээс санал өгсөн цаг нь маргааш өдрийнхөөр гарсан тохиолдол мэр сэр гарчээ.

-Улсын хэмжээнд санал тоолох зургаан төхөөрөмжийг сольсон байна. Автомат машины эвдрэл гэмтлийг засварлах явуулын хэлтэс дээр 30 дуудлага ирсний дийлэнх дуудлагыг гар утсаар заавар өгөн шийдвэрлэжээ. Тухайлбал, Ховд аймагт нэг төхөөрөмж шатсан бөгөөд хурдан хугацаанд өөр төхөөрөмж хүргэх боломжгүй байсан учраас саналын хуудсыг нь гар тооллогод шилжүүлсэн аж.

-УИХ, ИТХ-ын сонгуулийг зэрэг зохион байгуулсантай холбоотойгоор нэгийг нь дугуйлаад нөгөөг нь дугуйлаагүй нөхцөлд хэдийг нь будаагүй вэ гэдэг баланс хуудсанд тусгагдаагүй учраас саналын хуудсын тоо, саналын тоо хоёр зөрөх тохиолдол байгаа гэдгийг анхаарууллаа.

-Сонгуулийн санал хураалтын өдөр архи, согтууруулах ундаа зарах, түүгээр үйлчлэхийг хориглосон боловч нэг хэсгийн хороон дээр согтуу сонгогчид бөөнөөрөө ирж санал өгөх явдал ажиглагдсан ба цагдаагийн хамгаалалт ойр байгаагүй юм байна.

-Зарим хэсгийн хорооны байр жижиг, бүхээгийг ойр байршуулснаас саналын хуудасны нууцлал алдагдах магадлал байсныг анхааруулав. Түүнчлэн Сонгогч саналын хуудсыг хэрхэн дугуйлах, нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл дутмагаас үүдэн ажиглалт хийсэн 100 гаруй хэсгийн хороод дээр 2000 гаруй саналын хуудас хүчингүй болсон. 51 хувьд нь саналын хуудсыг төхөөрөмжид уншуулахад асуудал үүссэн байна. Үүний улмаас нууцлалаа алдах магадлал гарч байжээ.

-Санал өгөх хэсгийн хороогоо андуурах тохиолдлууд гарчээ.

-Тэргэнцэртэй иргэдийн зорчих налуу замыг хэсгийн хороодын 72% нь урьдчилан бэлтгээгүй байв.

-Тодорхой газруудад сонгогчийн хурууны хээг уншихгүй тохиолдол гарсан. 40-өөс дээш насныхны хурууны хээг танихгүй байх тохиолдол гарчээ. Гэхдээ иргэний үнэмлэхийг нь үндэслэж саналыг нь өгүүлсэн байна. Хурууны хээг уншихгүй тохиолдолд насыг нь харах зөвлөмжийг ажиглагч нарын зүгээс өгч ажиллажээ. Учир нь залуу үеийнхэн болон настай хүний хурууны хээг уншихгүй байх тохиолдол гардаг аж.

-Хэсгийн хороодын 20 хувь нь ТББ-ын ажиглагчдыг санал авах үйл явцыг саадгүй ажиглах боломжтой суудлаар хангаагүй.

-Зарим хороодын саналын хуудас болон санал тоолох автомат төхөөрөмжийн санал зөрөх тохиолдол гарсан байна. Тодруулбал, 1-10 саналын зөрүү гарах тохиодлууд байжээ. Үүний шалтгааныг нэр дэвшигчийн өмнөх дугуйг хэтрүүлэн тэмдэглэсэн байдал, мөн хэсгийн хороодын ажилчид олон цаг ажилласны улмаас алдаж тоолсон хэмээн тайлбарлалаа.

-18-25 насныхан энэ удаагийн сонгуульд идэвх муутай оролцсон байна. Тиймээс шалтгааныг ултай суурьтай судлан гаргах ёстой гэлээ.

-Сонгууль зохион байгуулахад ажиллаж байгаа хүмүүс санал тоолох автомат төхөөрөмжтэй холбоотой ойлголт тааруу байсныг СЕХ цаашид анхаарч ажиллах ёстой гэдгийг мөн хэлж байсан юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ