З.Энхболд: Царцааны нүүдэл Баянхонгор, Хөвсгөл, Увсад болсон

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр УИХ-ын анхдугаар чуулганыг маргааш хийх нь зохимжгүй хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Учир нь ҮХЦ-д дөрвөн төрлийн зөрчлийг нягтлуулахаар өргөдөл өгсөн бөгөөд чуулганыг хойшлуулах хэд, хэдэн үндэслэл байгааг онцлов.
Нэгдүгээрт, Төрийн албыг зараад сонгуульдаа орох талаарх МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын хорооны дарга М.Сандуй нарын бичлэгийг шалгах гомдлыг хуулийн байгууллагад өгснийг шалгах ёстой, хариугаа гаргах ёстой.
Хоёрдугаарт, гарын үсгээ зурж авсан саналын хуудасны тоо, автомат машинаар уншуулсан саналын хуудасны тоо 234-өөр зөрсөн. Энэ бол зөвхөн нэг тойргийн асуудал. Үүнийг 76 тойргийн хүрээнд нягталж шалгахгүйгээр анхдугаар чуулган хийж болохгүй.
Гуравт, саналын хуудсыг хувилж болдоггүй, гэтэл Баян-Өлгий, Хэнтий зэрэг аймагт саналын хуудас дууссан тул канондсон саналын хуудсаар санал авахуулсан. Эдгээрийг хасаж тооцох. Ингэхгүй бол сонгуулийн дүнд нөлөөлж байна.
Царцааны нүүдлийг авч хэлэлцээгүй. Нийт 18 мянган сонгогч нэг газраас хасагдаж нөгөө газарт нэмэгдсэн. Тодруулбал, царцааны нүүдэл Баянхонгор, Хөвсгөл, Увсад болсон. Өөрийн биеэр ирээгүй байхад нь итгэмжлэлээр сонгогчийн жагсаалтад бүртгүүлсэн. Хуулиараа өөрийн биеэр ирж, 10 хоногийн өмнө шилжүүлэх ёстой гэлээ.
Тиймээс УИХ-ын 76-гишүүнийг тангараг өргүүлэхээр болж байгаа нь хууль зөрчинө хэмээн үзэж байгаа юм байна. Харин дээрх зөрчлүүдийг нягтлан шалгасны дараа хэдэн хүнийг оруулах вэ гэдгээ шийдэх ёстой гэв. Тэрээр "Хуулийн дагуу явсан сонгуулийн төлөө хэлэх үг байхгүй, гэхдээ ийм олон сонгуулийн зөрчлийн дараа тангаргаа өргөх нь зохимжгүй. Хуулийн байгууллагууд эдгээр зөрчлийг шалгаж нягтлахад хоёр долоо хоногийн хугацаа хангалттай. Ардчилсан нам шаардлагаа тавина. Сонгуульд ганцхан юм нууц, хэн хэний төлөө саналаа өгсөн нь нууц. Хууль зүйн байнгын хороо хуралдаж, энэ асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулна” гэлээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ