Мэргэжлийн Засгийн газрынхан мэргэшсэн болов уу

Албан ёсоор УИХ байгуулагдаад нэн тэргүүнд хийх ажлын нэг бол Засгийн газрыг эмхлэн байгуулах явдал. МАН-ын мөрийн хөтөлбөрт мэргэжлийн Засгийн газар байгуулах тухай тусгагдсан. Энэ Засгийн газар 11 яам, 15 сайдтай байх бололтой.
Долоо дахь удаагийн УИХ-ын чуулганы анхдугаар хуралдааны нээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өнөөдөр 11:00 цагт эхлүүлж, гишүүд тангараг өргөнө. Тиймээс энэ цагаас эхлэн өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна. Энэ удаагийн парламентад 65 гишүүн МАН-ыг, есөн гишүүн сөрөг хүчнийг, харин МАХН, бие даагчдыг тус бүр нэг гишүүн төлөөлөн ажиллахаар сонгогдоод буй.
Өнгөрсөн өдрүүдэд Засгийн газрын бүрэлдэхүүнтэй урьдчилсан байдлаар танилцах аян өрнөв. Хэрэв үнэхээр мэргэжлийн засгийн газрын баг ийм бүрэлдэхүүнтэй болвол олон нийтийн зүгээс багагүй банга хүртэхээр байгаа юм. Ялсан намын дарга Ерөнхий сайд болдог дүрмээ дагавал М.Энхболд Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд болно. Харин дарга, сайд нарын жагсаалтын тухайд Д.Лүндээжанцан, У.Хүрэлсүх, Ё.Отгонбаяр, Ц.Нямдорж, Ж.Цолмон, Т.Ганди, Т.Бадамжунай, Ч.Хүрэлбаатар нарын тэргүүтэй хүмүүсийн нэрс багтжээ.
Харин МАН-ын сонгогчид ийм хуучинсаг томилгоог хүлээгээгүй гээд бухимдлаа илэрхийлж эхлэв. “Залуу үеэ дэмжиж гаргалаа гэсэн МАН-ын сонгуулийн нүүр царайнд хууртсан байна” гэсэн сонгогчид олон байгаа юм. Шинэ залуу үеийг гаргаж ирнэ гэсэн олон нийтийн итгэл энд хүрээд л талаар болж байх шиг байна. Жагсаалтаас харахад, өмнөх үеийн дүр яг хэвээрээ харагдана. МАН-ын залуу үе хаачив, хуучин бурхиуд хэзээ суудал өгч сурах вэ гэсэн асуулт ийнхүү олон нийтийн дунд шуугиад л хоцрох бололтой.
Өмнө нь МАН-ыг эрх барьж байх үед жагсаалтад багтсан зарим нь ямар их шүүмжлэлд өртөж, хэчнээн асуудал дагуулж байсныг бид мартаагүй. Тэд ч мартсан байх учиргүй. Тиймээс энэ удаад эргэж ирж буйг бодвол тэд хариуцаж авах салбартаа мэргэшээд ирж гэж найдахаас өөр аргагүй болов.
Бас нэг асуудал бол давхар дээл. Үүнийг хүчтэй эсэргүүцэгчид бол МАН байсан. Дээрх жагсаалтад багтсан 18 хүний 10 нь УИХ-д суух мандаттангууд байна. Тэд сөрөг хүчин байхдаа Чингисийн талбай дээр "Дампуурсан төр, засаг давхар дээлээ тайл" нэртэй жагсаал цуглаан хүртэл зохион байгуулж, давхар дээлийг тайлж, дан дээлтэйгээ үлдэхийг уриалж байсан тэр дүр зураг хуучраагүй. Харин тэд өөрсдөө давхарлах гэж байгаа нь гэсэн хардлага гараад байна. Уг нь тэдэнд дан дээлтэй явсан ч даархааргүй нөөц боломж бий.
Шийдлийн засгийн газар өчигдөр сүүлчийн хуралдаанаа хийсэн. Тэгвэл мэргэжлийн Засгийн газрын өнгө ямар байхыг бид тун удахгүй харж, үнэлэлт, дүгнэлтээ өгөх боллоо. Сонгогчид сонгоод гаргасан шигээ татаад буулгах эрхтэй. Сөрөг хүчний зүгээс ч хяналтаа сулруулалгүй, ард түмэн ч хариуцлагыг орхигдуулалгүй, анхаарал алдалгүй, амалсныг нь мартуулалгүй эрх баригчдын ажлыг хийлгэсэн шиг хийлгэх цаг боллоо. Мэргэжлийн Засгийн газарт дээрх байдлаар томилгоо хийгдвэл ядаж мэргэшсэн гэдгээ харуулах боломжийг алдах учиргүй.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ