УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан гишүүдийн 82.9 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Хуралдаанаар УИХ дахь намын бүлгүүдийг баталж, мөн бүлгийн дарга нарыг батлах асуудлыг хэлэлцэв.
Ийнхүү МАН-ын бүлэг байгуулагдаж, бүлгийн даргаар нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг сонгосон тухай, мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг байгуулагдаж, бүлгийн даргаар нь УИХ-ын гишүүн С.Эрдэнийг сонгосон тухай УИХ-ын дарга М.Энхболд танилцуулснаар бүлгийн эрх үүрэг нь хэрэгжиж эхэллээ.
УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлснийг гишүүдийн 97.1 хувиар, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлснийг гишүүдийн 95.8 хувиар тус бүр дэмжин баталлаа. Санал хураалтад нийт 72 гишүүн оролцсон юм.
Дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан өндөрлөлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ