Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар манай улсад айлчилж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар албан ёсны хэлэлцээ хийлээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Ерөнхий сайдаар томилогдсонд ахин баяр хүргэе гээд өөрийн оронд айлчлахыг урилаа.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, бодит хамтын ажиллагааг урагшлуулахад чухал түлхэц болно гэж итгэж байгаагаа хэлээд АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад Хятадын Засгийн газрын ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлэв. Монгол, Хятадын уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг Засгийн газар үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.
Хэлэлцээний үеэр талууд худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, дэд бүтэц зэрэг эдийн засаг, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
БНХАУ-ын зүгээс хөдөө аж ахуйн боловсруулах болон барилгын материалын үйлдвэрлэл, дэд бүтцийг сайжруулах чиглэлд манай улстай хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж байв. Түүнчлэн уг хэлэлцээний үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах чиглэлээр хамтран ажиллаж, энэ хүрээнд 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдгээр салбарт хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх саналыг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд цаашдын хамтын ажиллагааг тодорхойлсон саналуудаа хэрэгжүүлж, харилцаа хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийн төлөө ажиллана гэв.
Мөн БНХАУ-ын Засгийн газраас олгож ирсэн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл нь Монгол Улсын хөгжилд чухал дэмжлэг болж ирснийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцлон тэмдэглээд Хятадын талд төлөх Монгол Улсын хугацаа хэтэрсэн өрийг бүрэн чөлөөлж байгаад талархал илэрхийллээ.
Ингээд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны Монгол Улсад хийж буй айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар байлцав. Уг арга хэмжээний үеэр:
- Хоёр улсын Гадаад хэргийн яамд хоорондын 2017-2018 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө,
- Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр,
- Монгол Улсын Засгийн газрын өрийг чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын протокол,
- БНХАУ-ын Засгийн газраас 2014 онд олгосон 300 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд 3 сургуулийн төслийг эхлүүлэх тухай солилцох захидал,
- Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх эд материал бэлэглэх тухай Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хоорондын санамж бичиг,
- Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын стратеги, хамтын ажиллагааны төлөвлөгөө,
- БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд Баянхонгор – Байдрагийн гүүр-ний 129 км авто замын төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,
- БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хүрээнд Тосон цэнгэл – Улиастай-н 114 км авто замын төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,
- БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар – Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын хурдны автозам барих” төслийн хяналт, зөвлөх үйлчилгээний гэрээ,
- Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын ЭКСИМ банк хооронд Улаанбаатар хотын 7 дугаар хорооллын “G” хэсгийн орон сууцны төслийн санхүүжилтийн гэрээ,
- Монгол Улсын Худалдаа хөгжлийн банк, БНХАУ-ын Хөгжлийн банк хоорондын зээлийн гэрээ,
- МҮОНРТ, Хятадын олон улсын радио хоорондын хамтын ажиллагааны гэрээ,
- МҮОНРТ, Хятадын төв телевиз хоорондын хамтын ажиллагааны гэрээ,
- Монгол Улсын Хөрөнгө оруулалтын газар, БНХАУ-ын Экспортын зээлийн даатгалын компани хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг,
- Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төслийн барилгын ажлын гэрээг ёсчлох тухай баримт бичиг зэрэг 15 баримт бичигт талууд гарын үсэг зурлаа.
Хоёр улсын хамтын ажиллагаа, хэрэгжүүлэхээр тогтсон ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Сангийн сайд Б.Болор нийт 7 баримт бичигт энэ үеэр гарын үсэг зурсан юм. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны айлчлалын хүрээнд хоёр улсын Засгийн газар удаан хугацаанд хугацаанд хэлэлцсэний үр дүнд Хятадын тал хугацаа хэтэрсэн өрийн асуудал болох 1958, 1960 онуудад авсан зээлийн өрийн үйлчилгээний үлдэгдэл, 1991, 1992, 1994 онуудад авч ашигласан зээлийн үндсэн төлбөр нийт 38 тэрбум төгрөгийнтөлбөр төлөх үүргээс Монголын талыг бүрмөсөн чөлөөлсөн хэлэлцээрийг байгууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ