7 сарын 1-ний хохирогч Ц.Энхбаяр МАН-ын даргад ил захидал илгээжээ

Ил захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
МАН-ын дадрга М.Энхболд танаа
2008 оны 7-р сарын 1-нд Ц.Мөнх-Оргилын шууд тушаалаар цагдаа нарт буудуулж нас барсан Э.Энхбаатар хүүгийн эцэг Ц.Энхбаяр миний бие ил захидал бичиж сууна. УИХ-ын сонгуулиас үүдэлтэй 2008 оны 7-р сарын 1-ний үймээнээр 1000 гаруй иргэд баригдаж 200 гаруй залуус шоронд сууж 300 цагдаа бэртэж гэмтсэн билээ.
Гэмзэмгүй, хир буртаггүй таван сайхан аавын хүү, хүүгийн аав, ачлалт хань амь насаа алдсан. Монголчууд бидэнд асар их уй гашуу, харуусал, ухаарал, цөхрөл авчирсан цаг хугацаа байлаа.
Тухайн үеийн Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил 2008 оны 7-р срын 1-ний хэрэг гарах явцад шуурхай ажиллаагүй, буруу мэдээллээр иргэдийг хангасан, сэргийлж чадаагүй, цагдаа нарыг тухирсан гэж 7-р сарын 1-ний хохирогчдын холбоо үзсээр ирсэн. Тийм учраас Ц.Мөнх-Оргил, С.Баяр нартай хариуцлага тооцохыг төр засаг, хууль хяналтын байгууллагаас ямагт шаардсаар ирсэн билээ. Харамсалтай нь эдгээр этгээдүүдтэй төр засаг, хууль хяналтын байгууллага хариуцлага тооцсонгүй.
МАН-ын дарга М.Энхболд таныг Ц.Мөнх-Оргилыг Гадаад хэргийн яамны сайдаар томилох гэж байгааг хэвлэлээс үзлээ. Та энэ үйлдлээрээ 7-р сарын 1-ний хохирогчдыг доромжилж байна. Та энэ үйлдлээрээ Ц.Мөнх-Оргилыг шагнан урамшуулж байна. Та энэ үйлдлээрээ 2008 оны 7-р сарын 1-ний хэргийг дахин гаргахыг санаархаж байна. Та энэ үйлдлээрээ 2008 оны 7-р сарын 1-нд сургамж авсангүй.
Тийм учраас миний бие 2008 оны 7-р сарын 1-ний хохирогч нарыг уриалан жагсаал цуглаан хийх болно. Тэгэхдээ МАН-ын цагаан ордны үүдэнд хийнэ гэдгээ зарлаж байна. Хариуцлага тооцдоггүй юм гэхэд доромжлохгүй байж чадахгүй байна уу МАН-ынхан. Та нарт ард түмэн итгэл үзүүлсэн болохоос доромжлох эрх олгоогүй. Надад амь наснаас өөр алдах зүйл байхгүй болсон гэдгийг МАН-ынханд хэлье.
7-р сарын 1-ний хохирогчдын холбооны тэргүүн Ц.Энхбаяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ