Г.Хажидмаа: АН-д шинэчлэл хийх хэрэгтэй

Ардчилсан намын ялагдал юунд байв? гээд хүн бүр одоог болтол бодож байгаа. Ер нь Монгол Улсад улс төрийн соёл гэж ер байхгүй болж. Ийм хэвээрээ байх юм бол Ардчилсан нам, Ардын нам аль аль нь ялгагдахгүй эрх мэдлийн төлөө явсан дарга нар л төрсөөр байх болно.
Манай нам буюу АН 25 жил МАН-ын хийж чадаагүй ажлыг хийж чадсан гэдгийг хүн бүр л мэднэ. Бүтээн байгуулалт гээд хот, хөдөөгүй тодорхой олон ажил хийсэн. Үүний хажуугаар Улс төрчид яаж зүгээр байхав гэсэн шиг нэг нэгэнтэйгээ өрсөлдөж, нэгнээ муулж, албан тушаалын араас хөөцөлдөж, хэн нь илүү хор хийнэ, тэр нь төрийн өндөрлөгт хүрч байлаа.
2012 онд МАН-д ард түмэн дүнгээ тавьсан бол 2016 онд АН ард түмнээр дүнгээ тавиуллаа.
Мэдээж бүх улс төрчид муу хүмүүс биш л дээ. Олон зүйлээс шалтгаалж байна. Одоо ч МАН дэвшүүлсэн, хэлж байсан амлалтаасаа буцлаа. Давхар дээлгүй гэж тэд жагсаал хүртэл хийж байсан нь саяхан санагдаж байна.
Манай улсад хууль, дүрэм гэдэг зүйл дарга нарт үйлчилдэггүй болсон байна. Мөн улс төрийн соёл гэж огт байхгүй болж.
Уг нь АН цөөнх байхдаа маш сайн дүрмээ хэрэгжүүлдэг байсан юм. Гэтэл Ардчилсан нам ялалт байгуулсан тэр л өдрөөс хойш намын дүрмийг сөхөж хардаг дарга байхгүй болсон. Үүнд тухайн үед дарга болж байсан бүх хүмүүс буруутай.
Ялсан газруудад дарга сэнтийд суух гэсэн хүмүүс хоорондоо өрсөлдөж, нэгнийхээ мууг үзэж, жирийн гишүүдийнхээ үгийг сонсдог дарга байхгүй болсон байлаа. Дотоод сонгууль явуулсан газруудад нь бөөн хэрүүл маргаан. Дарга нар нь тамгаа аваад зугтаах гээд олон увиагүй үйлдлүүд ар араасаа гарч, тэр нь мөн л ард түмний нүдэн дээр ил байсан, нуух юм алга.
2016 оны сонгуульд АН-ын Их хуралд явж байгаа зарим хүмүүс нь МАН-ын хүмүүстэй нийлж, нийслэлд нэр дэвшиж байгаа хүмүүсээ унагах гэж байсан. Мөн засаг дарга нар нь Их хуралд явж байгаа хүмүүсээ унагаах гэсэн хар бодолтой арчаагүй зангууд гаргаж, хоорондоо тэрсэлдсэн. Уг нь МАН-ын гишүүдтэй өрсөлдөж байсан шүү дээ. Гэвч тэрийгээ үл тоон өөрийн намын хүмүүсээ унагаах гэж яваад МАН-ыг олонх болгож өгсөн. Ард түмэн тэнэг биш шүү дээ. Тэр нь ч МАН-д сайхан өгөөш болохгүй яахав.
Бас нэг тэнэглэл нь зарим нэр дэвшиж байсан хүмүүс нь улс төрөө ойлгохгүй, Их хурал байтугай орон нутгаа ч ойлгохгүй хүмүүс УИХ-д нэр дэвшиж, МАН-ын нэр хүндтэй өрсөлдөгчтэй тулчихлаа гээд аль хэдийн ялагдалаа хүлээн зөвшөөрсөн ярилцлага өгсөн байх жишээтэй. Өрсөлдөөд ялалт байгуулах гэж өрсөлдөөнд ордог. Ялагдах гэж орсон бол нэрээ татаад өөр бусад лидерүүддээ зайгаа тавьж өгөх байсан юм. АН-д олон лидер эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Тэр тусмаа манай нийслэлд байсан эмэгтэйчүүд аль хэдийнэ улс төрд бэлтгэгдсэн чадварлаг эмэгтэйчүүд.
Аль ч салбар дээр тайзны соёл гэж байдаг бол монголын улс төрд л тэр соёл үнэхээр дутуу дулимаг байна. Жишээ нь, офшор данстай хүмүүс гадаадад хариуцлага хүлээж байгаа бол монгол улсад төрд л залагдаж байна.
Манай нам 2016 оны зургадугаар сарын 18-нд ҮЗХ-нд дүрмийн дагуу цөөн, дүрмийн бусаар маш олон хүнийг оруулсан байгаа юм. Энэ бол АН-ын дарга нарын дүрэмгүй тоглолтын маш том алдаа. Үүнийг болиулах хэрэгтэй. ҮЗХ гэдэгт хэн дуртай нь ордоггүй юм. Намын дүрмээр анхан шатнаас нь сонгож оруулдаг болохоос их мөнгө зарцуулж, дуучин, бөхчүүд, дарга аавтай хүмүүсийн ордог тоглоомын талбар биш. Энэ ҮЗХ-нд манай намын маш олон мянган гишүүдийн итгэл үнэмшлээ өгсөн хүмүүсийн төлөөлөл байх ёстой юм.
Гэтэл 2016 оны сонгуулийн дараа болсон ҮЗХ-ны хуралд намын шинэчлэлийн залуучууд орж шаардах бичиг өгөхөд, тэнд төрийн албанд орсон маш олон хүн саналын эрхтэй сууж байсан. Тэр хүмүүс ялалт байгуулсан янзтай сууж байгаа нь үнэхээр харамсалтай. Намын лидер гэх хүмүүс ҮЗХ-нд байдаг. Харин тэнд байгаа хүмүүсийн зарим нэг нь ёс зүйн алдаа гаргаснаа ч ухаарах чадамжгүй байгаад харамсаж байна. Үнэндээ яг одоогийн ҮЗХ бол 10 хүрэхгүй хүний төлөөлөл, бусад нь бүгд кнопны хүмүүс болжээ. Энэ бүхнээс харахад, АН-ын Их хурлыг хийлгэж, өргөн хэмжээний 2-3 мянган хүний оролцоотойгоор намын даргаа сонгоод, ҮЗХ-г татан буулгаж, бүх шатны сонгуульт албан тушаалыг эхнээс нь хийлгэх хэрэгтэй байна. Тэгж байж нам цэвэршиж, цаашдаа нам шиг нам болох ёстой.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Г.Хажидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ