Дөрвөн сайдын мэргэжил ба мэргэшсэн байдал

УИХ-ын чуулганы хуралдаанаар өчигдөр үлдсэн дөрвөн сайдын асуудлыг эцэслэн шийдвэрлэж томилгоог хийлээ. Ерөнхий сайд мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалт өгсөн. Тэгвэл шинээр томилогдсон сайд нарын ажил мэргэжлийн байдалтай танилцъя.

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр нь 1989 онд ОХУ-ын Уралын политехникийн дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгссөн. Барилга, дулаан хангамжийн мастер, Монгол Улсын зөвлөх инженерийн зэрэгтэй юм. Тэрбээр 1989-1990 онд Нийтийн ахуйн үйлчилгээний яамны Туршилт, тохируулгын ангид инженер, 1990-1991 онд Найрамдлын районы 6 дугаар конторт инженер, 1991-2004 онд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт техникч, инженер, ерөнхий инженер, дарга, 2004-2007 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ерөнхий менежер 2007-2008 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2008-2012 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 2012-2016 онд Нийслэлийн иргэдийн Хурлын төлөөлөгчөөр тус тус ажиллаж ирсэн байна.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нь 1986 онд Анагаах ухааны дээд сургууль, 2001 онд Удирдлагын академи төгссөн. 1988, 1992, 1997 онд Анагаах ухааны дээд сургуульд арьсны эмгэг эс судлаачийн чиглэлээр, 2006 онд БНСУ-ын гоо засалч эмчийн чиглэлээр, 2015 онд Анагаахын шинжлэх ухааны их сургуульд эмнэлгийн менежерийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, хүний их эмч мэргэжилтэй, анагаах ухааны доктор, клиникийн профессор цолтой юм. Тэрбээр 1986-1988 онд Арьс өнгөний эмгэг судлалын үндэсний төвд их эмч, 1988-2003 онд Арьсны өвчин судлалын үндэсний төвд тасгийн эрхлэгчээр, 2003 оноос Арьсны өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж байгаа юм байна.

Эрчим хүчний сайд П.Ганхүү нь 1997 онд Нийгэм, эдийн засгийн дээд сургууль, 1999 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, 2015 онд Австралийн Сиднейн их сургуулийг төгссөн. Эдийн засгийн магистр зэрэгтэй, АНУ, Япон Улсад эрчим хүчний чиглэлээр мэргэшил дээшлүүлжээ. Тэрбээр 1997-1999 онд Нийгэм, эдийн засгийн дээд сургуульд багш, салбарын эрхлэгч, 1999-2001 онд МУИС-д “ТАСИС” төслийн зөвлөх, 2002-2004 онд Дэд бүтцийн яаманд мэргэжилтэн, 2004-2009 онд Түлш, эрчим хүчний яаманд газар, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, 2009-2012 онд Эрчим хүчний газрын орлогч даргаар ажиллаж байжээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нь 1994 онд Улсын багшийн дээд сургууль, 2006 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төгсчээ. АНУ, Хонконг, Итали, Сингапурт малын удмын сан, мал бүртгэлийн менежмент, жижиг, дунд үйлдвэрлэл, хөгжлийн бодлого, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшлийн сургалтад хамрагдсан байна. Тэрбээр 1995-2009 онд “Ноён сүлд” ХХК-ийн захирал, 2010-2014 онд “Буудайн хур” газар тариалангийн компанийн ерөнхий захирлаар ажиллаж байжээ.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ