АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ

2016 оны УИХ болон НИТХ-ын сонгуулийн явцад гарсан хууль бус үйлдлүүдийн талаар Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн Онцгой комисс өнөөдөр мэдээлэл хийлээ.

УИХ болон Засгийн газраас өчигдөр хэд, хэдэн томилгоог хийсэн. Тухайлбал, төрийн албан хаагчдын гол баталгаа болсон Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг өөрчлөх замаар Яам, Тамгын газрын дарга нарыг халах зэргээр хууль зөрчсөн үйлдэл гарч эхэлж байна хэмээн АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ онцлов. Түүнчлэн тэрээр Увс аймгийн Засаг даргаар ял шийтгэлтэй иргэнийг томилсон, Сүхбаатар аймагт хууль бус Засаг дарга томилсон, Дундговь аймгийн Засаг даргыг мөн л хууль бусаар томилсон, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнхийг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн гэлээ. Тиймээс:

-МАН-ын сонгуулийн санхүүжилт босгох 60 тэрбум төгрөгтэй холбогдох бичлэг

-СЕХ-ны дарга, удирдлагуудын хууль зөрчсөн байж болзошгүй асуудал

-УИХ-ын гишүүн Х.Болорчулууны тойрогтоо мөнгө тараасан гэх үйлдэл

-УИХ-ын гишүүн Л.Энхболдын Сонгуулийн хууль зөрчсөн гэх үйлдэл

-УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын тойрогтоо мөнгө тараасан гэх үйлдэл. Энэхүү үйл ажиллагаанаас үүдэн хүүхдийн амь нас эрсэдсэн асуудал

-УИХ-ын гишүүн О.Содбилэгийн тойрогтоо мөнгө тараасан гэх үйлдэл

-УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын тойрогтоо мөнгө тараасан нь шүүхээр тогтоогдсон гэх хууль бус үйлдэл

-УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын тойрогтоо мөнгө тараасан гэх үйлдэл

-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн Сонгуулийн хууль зөрчсөн гэх үйлдийг шалгуулах

-ҮХЦ-д сонгуулийн шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн дүнд нөлөөлөх зорилгоор зохион байгуулсан долоон нэр дэвшигчийг маргааныг хянуулах

-Албан бусаар царцааны нүүдэл гэх хэллэгтэй сонгогчдын шилжилттэй холбоотой асуудлаар ҮХЦ-д хандаж хууль зөрчсөнийг тогтоолгох

-Ерөнхий сайд, аймгийн Засаг дарга нарын хууль бус үйлдлийг шалгуулах зэрэг асуудлаар хуулийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдлээ.

Одоогийн байдлаар Онцгой комисст иргэдээс 200 гаруй өргөдөл, гомдол ирсэн бөгөөд Онцгой комиссоос долоо хоног бүрийн мягмар гаригт мэдээлэл хийж байхаар тогтжээ. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл долдугаар сарын 20-нд хуралдаж УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн явцад хууль зөрчсөн үйлдлүүдийн мэдээллийг нэгтгэх, судалгаа гаргах, дүгнэлт хийх "Онцгой комисс" байгуулсан. Комиссын даргаар Я.Санжмятав, дэд даргаар С.Эрдэнэ, нарийн бичгийн даргаар Б.Батхуяг нар томилогдож есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа юм.Тэд хууль зөрчсөн үйлдэлд дүгнэлт хийж олон нийтэд мэдээлэх, хууль хяналтын байгууллагад хандах үйл ажиллагааг зохион байгуулж байх юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ