"Ардчиллын төлөө хэлэлцүүлэг" нийслэлийн гурван дүүрэгт үргэлжилнэ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Ардчиллын төлөө хэлэлцүүлэг"-ийг орон даяар өрнүүлж эхэлсэн бөгөөд тэрээр ирэх долоо хоногт нийслэлийн зарим дүүрэгт үргэлжлүүлэхээр товлосон байна. Тус хэлэлцүүлгийг Өвөрхангай аймгаас эхлүүлэн, Баянхонгор аймаг, Баянзүрх дүүргийн иргэд, АН-ын гишүүд, дэмжигчдийн дунд зохион байгуулаад байгаа юм.

Түүний эхлүүлсэн энэхүү ажлыг иргэд олноороо дэмжин оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, аливаа шийдэл, арга замыг хамтдаа хэлэлцэж байгаа нь зөв зүйтэй алхам гэдгийг онцолж байна. Тэд АН-ын удирдлага, зохион байгуулалт, бүтцийг өөрчлөх цаг нэгэнт болсон гэдгийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байлаа. Учир нь АН 2016 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон нь намын удирдлагууд болон фракц хоорондын олон сар, жилийн өрсөлдөөн, зөрчлөөс үүдэлтэй хэмээн үзэж байгаа аж. Тиймээс тус намын гишүүд, дэмжигчид намын үзэл баримтлал, үнэт зүйлсээ дахин сэргээхийн төлөө энэхүү хэлэлцүүлэгт нэгдэж буйгаа илэрхийлж байсан юм.

Ийнхүү УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-ыг өөрчлөн шинэчлэх "Ардчиллын төлөө хэлэлцүүлэг"-ээ ирэх долоо хоногт нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн иргэд, гишүүд, дэмжигчдийн дунд үргэлжлэхээр төлөвлөжээ. Хэлэлцүүлгийн дүнд АН-ыг эрс шинэчлэх хөтөлбөр боловсруулж АН-ын ҮЗХ болон намын Их хуралд танилцуулах юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ