Төрийн үйлчилгээнд иргэдийн үнэлгээний систем нэвтрүүлнэ

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах гол албан тушаалтан нь аймаг, орон нутгийн удирдлагууд. Иймд төв орон нутгийн удирдлагын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог хангаж ажиллах, орон нутгийн түвшинд ИТХ-ын дарга, Засаг даргын гар сэтгэл нийлсэн хамтын ажиллагаа чухал.

Жил бүрийн ИТХ болон Засаг даргын үйл ажиллагааны тайланг үнэлж дүгнэхээр боллоо. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ажлын амжилт, үр дүн гаргасан аймаг, нийслэлийн удирдлагуудыг урамшуулж, ажилдаа хариуцлагагүй хандсан хүмүүст хариуцлага тооцож ажиллах юм байна. Аймгийн удирдлагуудтай сар бүр тодорхой сэдвээр болон цаг үеийн ажлаар цахим хурал хийж, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж ажиллана гэдгийг өчигдөр болсон Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын сургалт семинарын үеэр Ж.Мөнхбат хэлж байсан юм.

Аливаа тендер хэл ам дагуулдаг. Иймд ил тод, нээлттэй байдлыг нь сайтар хангаж ажиллах болон төрийн захиргааны ажлыг аж ахуй, үйлчилгээний ажлаас нь салгах, нягтруулах замаар захиргааны байр байшин чөлөөлөх хэлбэрээр хэмнэлт гаргах боломжуудыг судлах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт тавьж, иргэдийн эрхийг зөрчиж буй аливаа үзэгдлийг таслан зогсооход анхаарлаа хандуулж ажиллахыг мөн тэрээр зөвлөсөн юм. Тухайлбал, нийслэл хот болон аймгийн төвүүдэд хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ муу байна. Төрийн байгууллагууд дотоод нөөц бололцоогоо ашиглан стандарт хангасан хүүхдийн цэцэрлэгтэй байдаг жишиг гадаад орнуудад бий. 2017 оноос оффисын зориулалтаар баригдах барилгуудад хүүхдийн цэцэрлэгтэй байх шинэ стандарт мөрдүүлнэ. Эдийн засгийн хүндрэлтэй гэх атлаа өнөөдөр 200 хүүхдийн цэцэрлэгийг 200 тэрбум төгрөгөөр барьж байна. Тэгэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Гадаад харилцаа, Уул уурхайн зэрэг яамд яамныхаа барилгаас чөлөөлөлт хийж тус бүр 70-80 хүүхдийн цэцэрлэг байгуулж байна. 100 сая төгрөгөөр ийм ажил хийх боломж байна. Энд жирийн ажилчдын, жирийн иргэдийн хүүхдүүд хамрагдана. Аймаг, орон нутагт ийм ажил зохион байгуулах нь зүйтэй гэв.

Ж.Мөнхбат хэлсэн үгэндээ "Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох талаар Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч ажиллана. Төрийн үйлчилгээнд иргэдийн үнэлгээний системнэвтрүүлж, үүнийг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн захиргааны албан тушаалтны иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хугацааг хоёр дахин багасгаж, шуурхай болгох арга хэмжээ авна" гэсэн юм.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ