П.Цагаан АН-ын шинэчлэлийн марафонд гүйнэ

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаан хэвлэлийн хурал зарласан тухай бид мэдээлсэн билээ. Тэгвэл тэрээр дөнгөж сая мэдээлэл хийж, АН-ын шинэчлэлийн марафонд гүйх болсноо илэрхийллээ. Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
“Миний бие 2009 оноос хойш өнөөг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Дэд бүтэц, эрдэс баялаг, Хуулийн зөвлөх, Цэрэг, Аюулгүй байдлын зөвлөх, ахлах зөвлөх, Тамгын газрын даргаар ажиллаж, Монгол Улсын Төрийн тэргүүний гадаад, дотоод бодлого, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад бүхий л хүч чадлаа зориулж ирлээ. Эдүгээ Ерөнхийлөгчийн Тамгын газар хамгийн тогтвортой, тасралтгүй, гацаагүй, хүнд сурталгүй үйл ажиллагаатай институци болсон бөгөөд чадварлаг залуу хамт олноос бүрдэж байна. Цаашид ч энэ эрч хүчээрээ ажиллана гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Энэ жил гэхэд л үндэсний түүх, соёлтой холбоотой арга хэмжээ болон АСЕМ, Олон улсын монголч эрдэмтдийн их хурал гээд олон ажлыг амжилттай зохион байгууллаа.
Өнөөдөр би Та нарт Ерөнхийлөгчийн болон ЕТГ-ын үйл ажиллагааны талаар биш, өөрийн гаргасан улстөрийн шийдвэрийн талаар мэдээлэл хийх гэж байна. Монголын нийгэмд хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэх, Монголын ирээдүйг тодорхойлоход Ардчилсан Намын хүлээх түүхэн үүрэг их билээ. Өнөөгийн хүндрэл бэрхшээл, сорилт бол засаглалын чадавхи, улс төрийн намуудын төлөвшлөөс улбаатай болно. Монголын ард түмэн ардчиллыг, АН-ыг байнга дэмждэг, бас ихийг ч хүлээдэг. Харамсалтай нь тэр их итгэлийг нь манай нам дааж чадахгүй байна. Энэ нь намаа олон фракцад хуваасан, дүрмээ мөрддөггүй, бас боловсон хүчний зөв бодлого баримталж чадаагүй гээд олон шалтгаантай.
Өнөөдөр АН-ыг тогтсон үзэл баримтлалтай, тогтвортой бүтэцтэй, судалгаанд суурилсан хөгжлийн бодлоготой, цэгцтэй боловсон хүчний бодлоготой, залгамж шинжийг хадгалсан, улс төрийн өрсөлдөөний шинэ соёлтой, нээлттэй, өрсөлдөх чадвартай улстөрийн хүчин болгох зорилт, сорилт тулгарч байна.
Ийм нөхцөлд АН-ын бодлого, үйл ажиллагааг намын гишүүд, олон түмний оролцоотойгоор улс орны ирээдүйн хувь заяа, эрх ашигт нийцэхүйц байдлаар шинэчилж, АН-ыг ардчиллын суурь үнэт зүйлсийг дээдэлдэг, эрхэмлэдэг залуу үеийнхнээр бэхжүүлэхийг цаг үе шаардаж байна.
Энэхүү шинэтгэл, шилжилтийн хариуцлагатай, эгзэгтэй цаг үед ямагт үндэснийхээ эрх ашгийг дээдэлж, АН-аа нэг л цул фракц байх ёстой гэж үзэж ирсэн байр сууриа дахин нотолж, хуримтлуулсан төрийн болон улстөрийн ажлын туршлага, эдийн засаг, улс төр, хууль цааз, гадаад харилцаа, удирдахуйн ухааны мэдлэг боловсролоо АН-ынхаа шинэтгэлийн үйлсэд зориулах нь зүйтэй гэж үзлээ.
Аливаа шинэтгэлийг түүний зайлшгүйг ойлгосон, мэдэрсэн, бас хэрэгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй хүмүүс л хийдэг. Энэ амаргүй үйл хэргийг манлайлж, хатаагдсан ахмад үе, ид жагсаж яваа дунд үе, ихийг бүтээх өрнүүн эрмэлзэлтэй залуу үеийнхний холбоос, гагнаас болон хамтран ажиллаж, зохион байгуулж хүссэн үр дүнд хүргэж чадна гэдэгтээ итгэлтэй байна
Пунцагийн Цагаан
2016-08-24”
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ