О.Баасанхүү: Дэд сайд хөтөлбөрийг болиулах хэрэгтэй

УИХ-ын гишүүн О.Баасанхүү төсвийн тодотголтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
“Төсөвт тодотгол хийх тогтоолын төсөлтэй танилцлаа. Санал нийлэхгүй асуудал нэлээд байна. Манай МАХН-ын мөрийн хөтөлбөртэй ч уялдахгүй байна. Тиймээс энэ тодотголыг дэмжихгүй гэдгээ илэрхийлэх гэсэн юм.
Хуульд өөрчлөлт оруулах замаар Засгийн газрын Монголбанкинд өгөх өрийг байхгүй болгох гэж байна. “Сайн” хөтөлбөрүүдийн санхүүжилтэд зориулж Засгийн газар бонд гаргасныг Монголбанк худалдаж авсан. Ингэхдээ Өрийн удирдлагын тухай хуулд заасанчлан тухайн жилдээ төлж болох хэмжээгээр зээл авч болно гэснийг зөрчиж, хэтрүүлэн зээл авсан байгаа юм. Харин одоо энэ заалтыг нь хүчингүй болгохоор оруулаад ирж.
Ингэснээр Монголбанкнаас зээлсэн мөнгийг Засгийн газар өгөхгүй гэж ойлгогдож байна. Хэрэв ингэвэл Монголбанк хүнд байдалд орно. Монголбанк хямарвал арилжааны банкууд хямарснаас хэд дахин хүнд.
Үүнээс гадна сайн суралцсан оюутнуудад тэтгэлэг олгодог Сургалтын төрийн санг Сургалтын зээлийн сан болгох гэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй байсан ч тэтгэлэг хүртэх эрхгүй болох нь. Эдийн засгийн ийм хүнд үед оруулж ирж байгаа энэ мэт бодлого нь дундаж давхаргынхныг ядууралд хөтөлж байна. Сургуулийн бүтцийг гэхэд сайд нь баталдаг болохоор орж ирж байна. Тэр бүтцээр нь хэдэн ч хүн халагдахыг үгүйсгэхгүй.
Дээрээс нь багш нарын тэтгэвэрт гарахдаа нэг удаа авдаг 36 сарын тэтгэмжийг 1-12 сар болгож, хүн амын орлогын албан татварыг нэмэгдүүлж, оюутны тэтгэмжийг үгүй болгох гэж байна." гэлээ.
Мөн тэрээр "Төрийн өмчийн компанийн захирлууд нэлээд их цалин авдаг юм шиг байна лээ. Тиймээс тэр хэмжээний цалинг хасах нь зөв. Гэхдээ төрд ажиллаж байгаа хэн ч гэсэн цалингаа хасуулах дургүй л дээ. Би нэг сая 200 мянган төгрөгийн цалин авч амьдралаа залгуулдаг. Энэ цалингаа хасуулчихвал миний хүүхдүүд юу идэж амьдрах юм. Цалин бол тэр хүний амьжиргааны эх үүсвэр. МАН амьжиргаанаас нь танаж хасаж байхаар нэг аймагт зургаан ширхэг соёлын төв барих үрэлгэн зардлыг танамаар байна. Мөн дэд сайд хөтөлбөрийг болиулах хэрэгтэй. Сарын цалин нь 1 сая гэх ч түүнийг дагаад туслах, жолооч зөвлөх, томилолтын зардал гэх мэт маш олон зарлага гарна. Баримжаагаар 60 тэрбум орчим төгрөгийн зардал гарахаар байна билээ.
Харин архи, тамхины татварыг нэмэгдүүлэх асуудлыг буруу гэж харахгүй байна. Гэхдээ хуурамч архины худалдаанд хяналт тавьж чадна гэж хэлэхэд хэцүү.
Хувь хүний орлогын албан татварыг тэр дундаа эгэл жирийн бизнес хийдэг хүмүүсийн татварыг нэмж байгаа нь буруу. Өмнө нь МАН татвар нэмэхийг эсэргүүцэж байсан. Тэгж ярьж байсан хүмүүсийн 20 нь одоогийн парламентад байдаг атал МАН-ын ашиг сонирхлын зөрчилтэй нөхөд гарч ирээд сонгуульд зарцуулсан зардлаа нөхөх гэж байгаа мэт ийм ажил хийвэл бүтэхгүй” гэсэн юм.
Мөн өргөн баригдсан хуулийн төсөлд Эрүүл мэндийн тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Хүүхэд хамгааллын тухай, Эрүүл мэндийн тухай хууль зэрэг хэд хэдэн хуулийн хэрэгжих хугацааг таван жилээр хойшлуулж, 2021 оноос хэрэгжүүлэхээр тусгажээ. Харин О.Баасанхүү гишүүн МАН эрх барих хугацаандаа эдгээр хуулиудыг хэрэгжүүлэхгүй гэдгээ албан ёсоор зарлаж байгаа хэрэг хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ