28 албан хаагчийг хомроголон халлаа

Төрийн захиргааны 35 албан хаагчдаас 28 албан хаагчийг 2016 оны есдүгээр сарын 05-ны өдөр хомроголон халлаа.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 27–ний өдрийн дугаар 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө Үндэсний газрыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өөрчлөн зохион байгуулсан.
Бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга Э.Одбаяр 2016 оны 07 сарын 27-ны өдөр Б/27 тоот тушаал гарган нийт албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинээр зохион байгуулагдсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт цалингийн сангийн хамт шилжүүлсэн боловч МАН-аас томилогдсон тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Алтансүх гэгч нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал зэрэг хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, 2012 оноос хойш томилогдсон гэсэн хууль бус үндэслэлээр Төрийн захиргааны 28 албан хаагчдыг хомроголон халлаа.
Төрийн албан хаагчдыг хомроголон халахдаа ажилтнууддаа хүчээр өөрсдөөр нь өргөдөл өгүүлэхийг шаардан, гэнэт халагдсны тэтгэмж олгохгүй гэсэн шахалт үзүүлэх зэргээр Төрийн албан хаагчийн хуулиар хамгаалагдсан нийгмийн хамгааллын баталгаат асуудал ба хүний эрхийг ноцтой зөрчиж байна.
О.Алтансүх нь түр орлон гүйцэтгэгч бөгөөд томилох, чөлөөлөх эрхгүй этгээд тул хууль бус шийдвэр гарган улс төрийн хандлагаар төрийн албанд хандаж 60 тэрбумыг босгох давалгааг үргэлжлүүлж байна. Үүнд Засгийн газрын Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.
ХУУЛЬЧ Ч.ЭРДЭНЭБАТ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ