Таван яамны ТНБД-ыг сонгон шалгарууллаа

Төрийн албаны зөвлөлөөс Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг өчигдөр зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтын зарыг Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn цахим хуудаст наймдугаар сарын 12-ноос эхлэн, ажлын 21 хоног байршуулж мэдээлсэн юм.

Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхээр ирсэн 18 иргэний дөрөв нь тухайн ажлын байранд тавьж буй мэргэжил, мэргэшил, туршлагын шаардлага хангаагүй тул бүртгэхээс татгалзсан байна.

Сонгон шалгаруулалтаар

-Д.Даваасүрэн Гадаад харилцааны яамны,

-Г.Баясгалан Хууль зүй, дотоод хэргийн яамны,

-Г.Нандинжаргал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны,

-Г.Өнөрбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны,

-Л.Баяртулга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд тус тус тэнцжээ.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан өмнөх хүмүүс шүүхэд гомдол гаргасан тул Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүгчээс ирүүлсэн захирамжийг хэрэгжүүлж, сонгон шалгаруулалтыг хойшлуулсан байна. Энэ яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдөхөөр зургаан хүн бүртгүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ