БЗД-ийн сонгуулийн хороо 32 нэр дэвшигчийг жагсаалтаас хасчээ

Орон нутгийн сонгуульд Баянзүрх дүүргээс 42 иргэн бие даан нэр дэвших хүсэлт гаргаснаас 32 иргэнийг хуулийн хугацаанд баримт бичгээ бүрдүүлж өгөөгүй гэдэг үндэслэлээр нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзжээ. Энэ асуудлыг хууль бус хэмээн үзэж буй учир дээрх иргэдийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус дүүргийн сонгуулийн хорооноос Сонгуулийн нэрсийн жагсаалтаас нэрс хассан учир нь ИТХ-д нэр дэвших боломжгүй болсон бие даагчид 201 хүний гарын үсгийг зуруулахдаа огноо буюу наймдугаар сарын 31 гэж бичих ёстой байсан хэмээн тайлбарласан аж.
Мэдээллийн үеэр бие даан нэр дэвшигч Б.Батбаяр“Сонгуулийн хорооны үзэмжээр бидний нэр дэвшүүлэх эсэх асуудал шийдэгдчихлээ. СЕХ-ноос гаргасан захирамжаар сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлэх хугацаа есдүгээр сарын 03-ны 17:00 цагаас өмнө бүх бичиг баримтаа бүрдүүлж өгөх ёстой. Энэ дагуу энэ өдрөөс өмнө бид 201 хүний гарын үсгээ цуглуулж өгсөн. Гэтэл дүүргийн сонгуулийн хорооноос 201 хүний гарын үсгийг зуруулахдаа наймдугаар сарын 31 гэж бичих ёстой байсан гэсэн тайлбар өгөөд биднийг бүртгээгүй” гэв.
Тэд уг асуудлаар Захиргааны анхан шатны шүүхэд болон Нийслэлийн сонгуулийн хороонд гомдол гаргаж байгаа юм байна. Хэрэв есдүгээр сарын 28-наас өмнө асуудлыг шийдэхгүй бол цуглаан зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн юм.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ