Хэлмэгдүүлэх ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардлаа

МУГЖ Д.Сосорбарам, СГЗ С.Амарсанаа, "Хонх" хамтлагийн ахлагч Н.Энхбаяр тэргүүтэй Ардчилсан хувьсгалын анхдагч зүтгэлтнүүд, Монголын Ардчилсан намын болон Монголын Ардчилсан холбооны үе үеийн гишүүдийн төлөөлөл өнөөдөр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт хууль зөрчин, хилсээр яллагдагчаар татан шалгаж эхэлснийг эсэргүүцэж мэдэгдэл хийлээ.
Д.Сосорбарам хэлэхдээ “Бидний амьдарч буй орчин нийгмийн царай зүсэнд коммунист нөлөө, социалист схем, фашист хяналт нөлөөлж,энэхүү гурвалжин дунд бид амьдарч байгаа юм байна. Жинхэнэ хүний эрх, эрх чөлөө, дархлаа бүрэлдээгүйбайна. Тэрний төлөө зөв үйл хэргийн төлөө явсан хүнийг гүтгэдэг болжээ. Тэр гүтгэлгийг улаан цайм хүнд тулгаж, бүтээдэг авир амь бөхтэй оршиж байна. Ялангуяа коммунистууд төрийн толгойд гарахаар үүнийг хийдэг. Өмнө нь 2000 онд хийсэн. Одоо үүнийгээ хэрэгжүүлж байна. Үүнийг таслан зогсоох цаг болсон. Хуулийн тогтолцоонд шинэчлэл даруй хийх хэрэгтэй юм байна. Ямар ч гэм зэмгүй хүнийг барьж, тулгаж ял хүлээлгэдэг болж. Гэвч тэгж чадахгүй, учир нь бид амьд байгаа шүү” гэв.
Тэд Нийслэлийн ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг гэмт хэрэгт хилсээр холбогдуулан хэлмэгдүүлэх гэсэн ажиллагаагаа нэн даруй зогсоохыг энэ үеэр шаардсан юм. Түүнчлэн хууль хяналтын байгууллагуудад болон Монгол Улсын Ерөнхийлөгчид хатуу шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ