УБТЗ-ын ерөнхий хорооны гишүүдийг томиллоо

Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яамны саналаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын ерөнхий хорооны зарим гишүүдийг чөлөөлж, томиллоо. Ерөнхий хорооны гишүүн Монголын тээвэрчдийн холбооны ерөнхийлөгч Д.Наранпүрэв, Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Ч.Сүрэнхорлоо, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Ганболд нарыг чөлөөлж Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл /Шилэн Цогоо/, Зам тээврийн хөгжлийн яамны төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, ЗГХЭГ-ын ахлах референт, орчуулагч Н.Буяндэлгэр нарыг хувь нийлүүлэгчдийн хурлаас томилж байна.

УБТЗ-ын ерөнхий хорооны гишүүнээр сонгогдох хүсэлтээ УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү, Р.Раш, В.Отгондэмбэрэл, ерөнхий инженер асан Ц.Бат-Эрдэнэ, Монголын төмөр замын нэгдсэн холбооны УЗ-ийн гишүүн Ё.Батсайхан /БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаярын ах/, Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нар гаргаад байсан юм. Гэвч УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд хүлээн аваагүй байна.

2016 оны УИХ-ын сонгуулиар ард түмэнд “мэргэжлийн” засгийн газрыг амалсан МАН УБТЗ-ын ерөнхий хорооны гишүүдийг томилохдоо мөн л “мэргэжлийн бус” шийдвэр гаргалаа хэмээн үзэх хүмүүс байна. Учир нь "Б.Цогтгэрэлийн хувьд ФМ хөтлөгчөөс ажлын гараагаа эхэлж 2011 онд дээд боловсрол эзэмшсэн байдаг. Шилэн дансны хууль хэрэгжихгүй байгаа асуудлаар улстөрийн акц зохион байгуулж шинэ засгийн газар бүрдэхэд дэд сайдаар томилогдсон юм. Б.Артурын хувьд БНХАУ-д төмөр замын чиглэлээр суралцаж төгссөн. 2008 онд Х.Баттулга ЗТБХБЯ-ны сайдаар томилогдох үедээ татан авчирсан залуусын нэг гэдэг. МАН-д элсэн яамны газрын даргаар улиран үлджээ. Б.Цогтгэрэл, Б.Артур нарын хувьд албан тушаалын харъяаллаар УБТЗ-ын ерөнхий хороонд томилогдсон байна. Харин Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын саналаар УИХ-ын гишүүн асан “Молекул” Батж.Батбаярын эхнэр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ахлах референт ажилтай Н.Буяндэлгэр ерөнхий хорооны гишүүн боллоо. Энэхүү Н.Буяндэлгэрийн охин Гадаад харилцааны яамны ажилтан Б.Болор гэгч бүсгүй улсын нууц задруулсан хэргээр байцаагдаж, багагүй дуулиан дэгдээж байсан цаг саяхан. БНХАУ-д олон жил элчин сайдаар сууж байсан Цахилгааны хүү Жаргалсайхантай хамт төрийн нууц задруулсан асуудалд холбогдож байсан охиноо Бээжин дэхь Элчин сайдын яам руу ажилд шилжүүлэн оруулсан түүхтэй." хэмээн хэлэлцэж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ