Мансуурснаас болж амь насаа алджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт өнгөрсөн даваа гариг буюу есдүгээр сарын 12-ндөвс татаж мансуурсан нэгэн иргэн хүргэгдэж ирээд, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Нас барсан иргэн эмнэлэгт хүргэгдэн ирэхдээ гар хөл хамаг бие нь хөшсөн, ухаангүй байдалтай ирсэн гэх ба түүнийг хамт мансуурч байсан хоёр иргэн эмнэлгийн үүдэнд хүргээд буцжээ. Улмаар өвчтөнийг нас бармагц холбогдох хуулийн дагуу эмнэлгийн ажилтнууд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, нас барсан иргэнийг хэн болохыг тогтоож, цогцосыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгчээ. Улмаар талийгаач нь хар тамхи мансууруулах төрлийн каннабисын хатаасан ургамал хэрэглэж байгаад нас барсан нь тогтоогджээ. Энэхүү хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ба талийгаачийг нас барах үед хамтдаа хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байсан гэх хоёр иргэнийг саатуулан шалгаж байна.

Хэрэг гарсан өдөр Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр орон сууцны ... тоот хорооллын гадна талбайд Улаанбаатар хотын харьяат 18-22 насны гурван эрэгтэй хар тамхи мансууруулах төрлийн бодис болох каннабис ургамал татаж мансуурчээ. Энэ үед 18 настай эрэгтэйн гар хөл татаж газарт унаж, удалгүй ухаан алдсан байна. Улмаар хамт мансуурсан хоёр эрэгтэй түүнийг эмнэлэгт хүргэжээ. Одоогоор уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба сэжигтнүүдийн хэрэглэж байсан мансууруулах ургамалыг хаанаас хэрхэн олж авсан талаар мөрдлөг явуулж эхэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ