Хүний төлөөх энгийн нийгэм

Энэ гудамжинд үйлчилгээ нь төвлөрсөн байдаг

Миний байгаа хот Канадын зүүн эрэгт байдаг жижигхэн хот. Манайхаар бол аймгийн төв. Хотын гадна фермерийн аж ахуй эрхлэгчид амьдардаг. Манайхаар бол малчид, тариалчанчид гэсэн үг.

Гэхдээ энэ жижигхэн хотод хүнд хэрэгтэй бүх юм байна. Бүгдээрээ ганц ганц... Хүнс, гоо сайхан, барааны дэлгүүр, банк санхүү, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, иог, массаж, үсчин гоо сайхан, гутал засвар, эртний эдлэлийн дэлгүүр, хятад хоолны ресторан, эмэгтэйчүүдэд туслах төв (хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлнэ) гээд хүний хэрэгцээ цөм бүрэн. Хотоосоо гарч хэрэгцээгээ хангах шаардлага байхгүй санагдсан.

Өнгөрсөн амралтын өдрөөр AntigoNight хэмээх үйл ажиллагаа боллоо. Манайхаар бол соёл урлагийн үдэш. Маш сонирхолтой урлагийн төрөл бүрийн үйл ажиллагаанууд зөвхөн төв гудамжиндаа зохиогдов. Уйдах зав ч өгөхгүй юм билээ... Хамгийн хөгжилтэй нь өртөөчилсөн зохион байгуулалттай юм. Нэг өртөөнөөс эхлээд янз бүрийн өртөөгөөр дуустал нь явав. Хамгийн сүүлчийн өртөө нь Дугуйн дэлгүүрийн залуугийн бүтээсэн сонин өвөрмөц дугуйн үзмэр. Мэдээж хүүхдүүд, оролцогчид унаж, ойр орчмоор явж, эзэн залуутай дугуйн талаар ярилцаж, зөвлөгөө авч болно.

Хүний хөгжлийн төлөөх нийгэм үнэхээр энгийн хэрнээ их өгөөжтэй сайхан юм гэдэг мэдрэмж энд төрж байлаа. Суурьшмал том хотоос алс амьдардаг хүмүүст хүртэл хөгжих, зугаацах, цэнгэх, урлагаар амьсгалах боломж хангалттай олгож байна. Манай аймгийн төвүүд ч бас энэ мэт маш цомхон хэрнээ, хүндээ чиглэсэн байдлаар хөгжиж болмоор санагдав...

Тодотгоход, энд их сургуулийн том том байшингаас өөр том, олон давхар, нүсэр байшин байхгүй. Жижгэвтэр үйлчилгээнүүд нь жижигхэн Канад байшиндаа л явагддаг ажээ...

Эртний эдлэлийн дэлгүүр

Номын худалдааны үүдний шонг ингэж чэмэглэжээ

Дугуйн зогсоолыг ч мөн нэхмэлээр чимэглэсэн байна

Дугуйн үзмэр

Дугуйн үзмэр

Номон сандал

Номон ширээ

Уран зургийн цомхон үзэсгэлэн

Хөгжимчний өөрийн урлан бүтээсэн хөгжим

Төрөл бүрийн жижиг худалдаа

Б.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ