"Азгүй" багачууд цэцэрлэгтээ яваарай

Төрөөс 3087 хүүхдийг өнөөдөр, маргааш цэцэрлэгт нэмэлт элсэлтээр хамруулах болсон талаар мэдээлсэн билээ. Гэхдээ 30 хүртэлх хувьд нь зорилтот бүлгийн хүүхдийг хамруулах юм. Мэдээллийн дагуу хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж яарсан иргэд хэдийнэ цэцэрлэгийн үүдэнд цуглаж эхэлжээ.
Энэ талаар тодруулахаар бид элсэлт авах жагсаалтад багтсан нэгэн хувийн цэцэрлэгт хандсан юм. Биднийг очиход тус цэцэрлэгийн удирдлага энэ талаарх албан ёсны мэдээлэл аваагүй, сая л цахимаас үзсэн тухайгаа хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ "Бидэнд албан ёсоор мэдээлээгүй. Манай цэцэрлэгийн бүх насны ангид сул орон тоо байхгүй. Уг нь бид эхлээд саналаа хүргүүлэх учиртай. Гэхдээ бид санал өгөөгүй. Нэмэлт элсэлт авахаар боллоо гэхэд ойролцоох нутаг дэвсгэрийнхээ хүүхдүүдийг авах байх. Ер нь ирсэн бүх хүүхэд бүрийг бүртгэхгүй шүү дээ. Зөвхөн хамгийн ойрын тодорхой нэг цэцэрлэгийнхээ сугалаагаар орж чадаагүй хүүхдүүдийн жагсаалтаас элсэлтээ авах болно." хэмээн мэдэгдсэн нь зарим иргэдийн дунд бухимдал үүсгэсэн юм. Албаны мэдээлэлд тус цэцэрлэгт 15 хүүхдийн сул орон тоо байгаа гэсэн боловч энэ нь өнгөрсөн наймдугаар сарын 01-нд өгсөн тоо ажээ.
"Хүүхэд бүрт цэцэрлэг" гэсэн МАН-ын мөрийн хөтөлбөрт иргэд таатай байгаа хэдий ч энэ мэт уялдаа холбоогүй байдал үүсч зохицуулах асуудал бий болж байгаа бололтой. Мөн үүний зэрэгцээ "Ш.Анхмаа: Төрөөс 3087 хүүхдийг шинээр цэцэрлэгт хамруулна" гэсэн тодотголоос болж иргэдийн дунд төөрөгдөл үүсчээ.
Өөрөөр хэлбэл, нэмэлт элсэлт авна гэсэн сургаар дутуу мэдээлэлтэй иргэд ажлынхаа цаг завыг алдан байж очлоо гэхэд өмнө нь төрийн өмчийн цэцэрлэгт бүртгүүлээгүй гэсэн шалтгаанаар буцах болно.
Ямартай ч "Эцэг эхчүүд хүүхдүүдээ Нийслэлийн боловсролын газрын цахим хуудсанд заасны дагуу яаралтай бүртгүүлэх, нэмэлт элсэлтэд идэвхитэй оролцох нь чухал байна" гэсэн Нийслэлээс өгч буй зөвлөгөөг иргэд таатай хүлээн авч байгаа юм. Хамгийн гол нь "шинээр бүртгэнэ" гэсэн үгэнд төөрөлдсөн зарим иргэд хоосон горьдлогоо өвөртлөн цэцэрлэгийн хаалгыг гаднаас нь хаагаад буцах тохиолдол гарч байна. Тиймээс давчуу хугацаа заан хэрэгжүүлж буй энэ үйл ажиллагааны талаар холбогдох цэцэрлэгийн удирдлагууд болон Нийслэлийн боловсролын газар уялдаа холбоогоо сайжруулж, иргэдэд зөв мэдээлэл өгөх шаардлагатай байна.
Энэ жил цэцэрлэгийн гадна 43000 гаруй хүүхэд үлдсэн. Төрийн өмчийн 72 цэцэрлэгт элсэн орох байсан 3087 хүүхдийг Төрийн бус өмчийн 118 цэцэрлэгт элсүүлэхээр болсон юм.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ