8 хувийн зээл бяр нэмжээ

Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг зогсоолоо гэж айлгаснаас хойш бараг жил тойрлоо. ҮХЦ- ийн маргаантай дүгнэлтээс үүдсэн банкуудын хийрхлээр орон сууцтай болох мэрийлттэй олон иргэдийн урам хугарч байлаа.
Иргэдийнхээ амин чухал хэрэглээг улс төржүүлж сурсан манай парламент энэ шуугиан дээр мэдрэмжтэй тоглолт хийж эхэлсэн. МАНАН-гийн хамтарсан засгийн үед гарсан энэ дуулианы ард популист тоглолт явагдаж 5 хувь руу шилжих тухай яригдаж байв
Гэвч бодит байдал дээр энэ зээл зогссон байсан төдийгүй энэхүү зээлд хамрагдан шууд байраа авах хүсэлтэй 2000-аад иргэд хүлээлтэд орсон тухай эх сурвалжууд харамсан мэдээлсэн..Банкууд цэцийн шийдвэр дээр үндэслэн найман хувийн зээлийг зогсоосон байдал одоо ч хэвээр байгаа юм.
Засаг төр солигдож ипотекийн зээлийг хэрхэх тухай хүлээлт нийгэмд байсан хэвээр. Улс төрийн өнцгөөсөө энэ зээл зогсох ёсгүй байв. АН-ын засаг барих үед хийсэн бодит ажлыг нэрлэвэл нэгт зам, хоёрт найман хувийн орон сууцны зээл байсан. Сонгуулийн өмнө энэ зээлийг царцаах бол засгийн газарт хамгийн муу нэрийг наах эрсдэл байсан. Сонгууль дөхөх тусам энэхүү зээлийг хэвийн явж байгаа талаар мэдээ идэвхжиж байсан ч бодит байдал дээр зээлэнд хамрагдаж шинэ байрны найрын урилга хэвлэсэн айл өрх байхгүй байлаа. Монгол банкны удирдлага өөрчлөгдсөнөөр ипотекийн зээл яагаад зогссон талаар шинэ мэдээлэл гарав. Монголбанк арилжааны банкуудад шалгалт хийж энэ хугацаанаас орон сууцны найман хувийн зээлийг түр зогсоосон талаар албан ёсны мэдээлэл гарсан. Харин шалгалтын явцад зээл зогссоны буруутнаар банкуудын нэрлэв.Шалгалтын явцад арилжааны банкууд ипотекийн зээлийн зориулалтаар Монголбанкнаас олгосон зээлийн эх үүсвэрээс өөр зориулалтаар ашигласан нь тогтоогджээ.
Эх үүсвэрээ өөр зээлд зарцуулсан ба зээлийн эх үүсвэрийг зориулалт бусаар ашигласан арилжааны банкуудад арга хэмжээ авах тухай асуудлыг тавиад байгаа бололтой. Мөнгө эх үүсвэр талаасаа ийнхүү банкуудыг цэгцэлж эхэлсэн нь зээл цаашид үргэлжлэх найдвар байгаа итгэлийг олон нийтэд төрүүллээ. Үүний араас ерөнхий сайд найман хувийн зээлд хамрагдах орон сууцны талбайн хэмжээг 100 м.кв болгожээ.
Энэ бол иргэдэд таалагдах шинэ засгийн бараг хамгийн анхны “найс ” мэдээ. Удаан хүлээлтэд орсон алдарт 8 хувийн зээл ямартай ч гацаанаас гарчээ.
Б.Ихэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ