Хогийн цэгийг хүрээлэн болгох нь

Улаанбаатар хотын нийт газар нутгийн 20 орчим хувийг хогийн цэг эзэлдэг гэвэл итгэхэд бэрх. Гэхдээ бодит байдал ийм гэдгийг албаны хүмүүс ярьж байна. “Тэнд л хогоо хаях ёстой” гэсэн зуршлаар ууттай хог тавьсан газарт хаягдал овоолж, дов шиг болгосон үүсмэл хогийн цэгээс эхлээд Улаанчулуут, Цагаандаваа гээд цөөнгүй бий. Тэгвэл Цагаандавааны хогийн цэгийг хүрээлэн болгох нь. Хогонд “эзлэгдээд” байсан уг талбайг хүмүүс дайлаар мордож, ялалт байгуулжээ. Үр дүнд нь тэнд өнөөдөр бүртийх ч хоггүй болсон байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн XXVII хороонд байрлах уг цэгт хүмүүс хог хаяж, нийтдээ 30 орчим га газрын хөрсийг бохирдуулжээ. “Айлууд хашаагаа давуулаад л хогоо чулуудчихдаг байсан. Бид ч мөн тэгдэг л байлаа. Жалга, довтой газар байх л гэж боддог байсан юм. Гэтэл хогийг нь зайлуулсан чинь ямар сайхан талбай гарсан гээч. 30 га газрыг хогоор дүүргэсэн гэж бодохоор аймшигтай байгаа биз. Хүн чинь ийм л муухай юм байна шүү дээ. Бидний хаясан хогийг цэвэрлэж байсан хүмүүсийг хараад хэчнээн ичсэн гэж санана” гэж тус хорооны иргэд ярив.

Цагаандавааны хогийг түрж, газрыг нь чөлөөлөн, соёл амралтын хүрээлэн болгох ажил өнгөрсөн оны долдугаар сард эхэлжээ. Нийслэлийн Баянзүрх дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан уг бүтээн байгуулалт өдгөө 50 орчим хувьтай байгаа гэнэ.

Нийслэлийг бүхэлд нь харах өндөрлөг цэг, автозогсоол ашиглалтад оржээ

“Дарь-Эх цогцолбор” хэмээх уг газар руу очих километр гаруй шороон замыг хусаж, тэгшилжээ. Өмнө нь тэр зам суудлын машин гарахааргүй хотгортой байсан гэнэ. Сайжруулсан шороон замыг удахгүй байгалийн чулуугаар хучиж, янзлах төлөвлөгөөтэй. Харин хогийн цэг байсан хэсгийн замыг хэдийнэ янзалжээ. Бүр автозогсоол барьж, нийслэлийг бүхэлд нь харах боломжтой өндөрлөг цэгийг ч тохижуулж, хогийн сав, амрах сандал тавьжээ. Энэ цэг дээрээс Улаанбаатар хотын төв, Долоонбуудал, III, IV хороолол, Дунд голыг алганыхаа хээ шиг тод харах боломжтой юм билээ. Удахгүй тус цэг дээр долоон метр өндөр Ногоон дарь эх бурхны хөшөө босно. Хөшөө босгох мөнгийг дүүргийн төсвөөс гаргахгүй, иргэд, аж ахуйн нэгжийн хандив, өглөгөөр барих гэнэ. Одоогоор хандив цуглуулах ажил эхлээгүй ч дүүргийн зарим иргэн тусламж өгөхөд бэлэн байгаагаа хэлсэн.

Уг тохижилтыг хийхэд нийтдээ 500 гаруй сая төгрөг зарцуулсан аж. Энэ талаар нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт “Цогцолборыг төдийд ашиглалтад оруулна гэж хэлж чадахгүй. Бүгдийг нэг дор хийх төсөв, мөнгө байхгүй учир дүүргийн удирдлагууд жил бүрийнхээ төсөвт тусгаж байгаа. 2015 оны орон нутгийн төсвийн хөрөнгөөс 300 сая, энэ онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс 200 гаруй сая төгрөгийг тохижилтод зарцууллаа. Энэ мэтээр тохижилт хийх мөнгөийг жил бүрийн төсөвт суулгуулна. Мод тарихаас эхлээд гэрэлтүүлэг зэрэг жижиг тохижилтод зарцуулах мөнгийг дүүргийн төсвөөс гаргана гэсэн үг” гэв.

Дахиад нэг СҮХБААТАРЫН ТАЛБАЙ байгуулна

Ерөнхийдөө тэнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн шиг бүтээн байгуулалт хийх юм байна. Автомашинаа зогсоолд байрлуулчихаад, тохижуулсан тусгай талбайд тухлах боломжтой. Дөрөв орчим га газарт байгуулах амралтын талбайг “Мандал” хэмээннэрлэх гэнэ. Биднийг очиход “Мандал” байгуулах газрыг хэдийнэ бэлдчихсэн байв. Удахгүй тэр орчмыг яг Д.Сүхбаатарын талбай шиг тохижуулах юм байна. Талбайг бүхэлд нь чулуун хавтангаар гоёж, амралтын сүүдвэрч барина. Мөн цэцэг тарьж, хэсэг газрыг нь зүлэгжүүлэхээр төлөвлөжээ.

Уг ажилд нийтдээ 600 сая төгрөг шаардлагатай. Энэ мөнгийг дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангаас гаргах боломжгүй учир хуучнаар Зам, тээврийн сайдын багцад суулгуулсан гэнэ. Гэвч тендер нь зарлагдаагүй тус талбайг энэ онд тохижуулахгүй бололтой.

Цогцолборыг “хамгаалагч”-тай болгох гэнэ

Хэдийгээр цогцолбор 100 хувь ашиглалтад ороогүй ч олны хөлд дарагдаад уджээ. Дарь-Эхийн багачууд өдөр бүр тэнд очиж тоглодог бол амралтын өдөр залуус цугладаг гэнэ. Хогийн цэгийг тохижуулсан тухай сонсож, сонжихоор очсон нэгэн байхад дуу чимээнээс гарч тархиа амраах зорилготой нь ч бий. Харин шөнө, оройн цагаар бүдүүлэг залуус бас очдог бололтой. Шинэ зогсоол дээр арилахааргүй үлдсэн дугуйны хээ, сандлынх нь дэргэдүүр хөглөрөх шар айрагны лааз гээд тэдний үлдээсэн ул мөр олон байв.Цогцолбор бүрэн ашиглалтад ороогүй учир одоогоор “эзгүй”. Хамгаалах хүнгүйг нь далимдуулж, өнөөх “муухай монголчууд” машинаар шарвадаг тухай хорооны иргэд “хошуу дэвссэн”. Зүгээрч нэг дураараа дургилгүй хажуугаар ньхогийн сав, сандлыг нь эвдэлдэг аж. Харин тэдний эвдэлснийг Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрын ажилчид засаж, янзалдаг гэнэ. Тиймээс ирэх хавраас цогцолборыг “хамгаалагч”-тай болгохоор төлөвлөжээ. Арван хүний бүрэлдэхүүнтэй тус багийнхан хүрээлэнгийн хогийг цэвэрлэж, эд хөрөнгийг нь манах үүрэг хүлээх юм байна.

Хогийн цэгийг хүрээлэн байгуулах санаа сэдэж, түүнийгээ ажил хэрэг болгосон тохиолдол тийм ч олон биш. Тэр тусмаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Зайсан толгойгоос өөр очих газаргүй нийслэлчүүдийн салхилах газрыг нэмж байгаа нь магтууштай ажил. Санаснаар болдог бол дүүрэг, хороодод ийм ажлын давалгаа эхлүүлчих юм сан. Яг фэйсбүүкт өрнөдөг чэйлэнж шиг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ