АН-ынхныг сонгуульд оруулахаа больё

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль ирэх сарын 19-нд зохион байгуулагдана. Сонгуулийн сурталчилгаа эхлэхэд 7 хоног буюу ажлын 5 хоног үлджээ. Гэхдээ энэ сонгууль бараг өрсөлдөгчгүй сонгууль болох дүр зураг ажиглагдах болов. Өөрөөр хэлбэл, АН-ынхныг элдэв ялих шалихгүй шалтгаар нэр дэвших жагсаалтаас хасах, бүртгэхгүй байх явдал нэлээд гарлаа. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт АН-ын 3, Сүхбаатар дүүрэгт АН-ын 4, бие даагч 19, Хан-Уул дүүрэгт ТОСК-ийн захирал асан А.Гантулга /АН-аас нэр дэвшиж байсан/, БЗД-т АН, бие даагч нийлсэн 32 иргэн нэр дэвшигчдийн жагсаалтад орж чадаагүй байна. Албан ёсоор мэдэгдэл хийсэн нь эдгээр иргэд. Тэднээс гадна хэчнээн хүн байгааг хэлж мэдэхгүй.
Мэдэгдэл хийсэн нь нэр дэвших эрхээ сэргээлгэхээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаж буйгаа илэрхийлсэн юм. Харин одоогоор нэг ч хүний асуудал шийдвэрлэгдсэн тухай мэдээлэл алга. Тэгвэл энэ сарын 27-нд нэр дэвшигчид сонгуульд өрсөлдөх үнэмлэхээ гардан авах учиртай. Нийслэлийн захиргааны хэргийн шүүх энэ хугацаанд гомдол гаргасан иргэдийн гомдлыг барагдуулж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийн асуудлыг шийдвэрлэж чадах уу? гэсэн эргэлзээ бий болж эхэлжээ. Түүнчлэн шударга үнэний талд зогсож чадах уу? гэсэн хүлээлт ч үүссэн байна.
10 дугаар сарын 01-нд саналын хуудас хэвлэгдэн гарна. Хэрэв гомдлыг нь шийдвэрлэж амжихгүй бол тэдний нэрс саналын хуудсанд бичигдэхгүй. Тэгвэл иргэний сонгох, сонгогдох эрх ноцтой зөрчигдөх болно. Энэ асуудалд шүүх байгууллага хэт удаашралтай хандаж байгаа нь зарим хүмүүсийн итгэл үнэмшилд эргэлзээ төрүүлэх болжээ.
Ямартай ч орон нутгийн ээлжит сонгуульд нэр дэвших эрхээ олж авахад дээрх хүмүүст ажлын 2 өдөр л үлдлээ. Энэ өдөр шүүх тодорхой шийдвэр гаргаж амжих уу?
Иргэний эрх энэ мэт арга саамаар зөрчигдөж буйн цаад учир нь өрсөлдөгчгүй сонгуулийн төлөө МАН-ын зүгээс хийж буй алхам хэмээн харагдаж байгааг хэлэх хүн олон байгаа тул асуудлыг яаралтай шийдэх нь чухал. Хамгийн гол нь иргэдийн энэ төрд итгэх итгэлд уг үйл явц тодорхой хэмжээгээр нөлөөлөх болсныг эрх баригчид ч бодолцох хэрэгтэй.
Бие даагчдаар хавчуурга хийж тус намынхныг өрсөлдөөнөөс хасах бодлого МАН-ын зүгээс харагдаж байгаа талаар хүмүүс хэлэлцэж байна. Тэгэхээр нэгмөсөн өрсөлдөөнгүй сонгуулийг зохион байгуулж, АН-ынхныг энэ сонгуульд оруулахаа больё. Энэ нь сонгогчдод ч сонголтоо хийхэд хялбар байж болох юм.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ