Н.Баганбандийн “Оюутолгой”-д хэлэх “Титэм Үг”


Оюутолгойн ТУЗ-д Монголын 30 хувийг төлөөлөх дараагийн гурван гишүүнээр Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, "Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар, Монгол-Германы технологийн их сургуулийн захирал асан, математикийн ухааны доктор Ч.Алтаннар нарыг томиллоо.
Үүнээс хэдхэн сарын өмнөхөн Оюутолгойн захирлаар ажиллаж байсан Эндрью Вүүдлэйгийн оронд “Рио Тинто” компанийн Хөнгөн цагааны салбарт ажиллаж байсан Армандо Торрес томилогдон ажиллах болсноос хойш анхаарал татсан ээлжит мэдээ энэ юм.
Гэвч олон нийт ганц хариулт хүлээсээр байгаа. Өмнийн говийн энэ орд иргэд улс орондоо хэзээ өрмөө өгч, эдийн засгийн ачааг хөнгөлөх вэ? Хамгийн сүүлд хоёр тал зөвшөөрснөөр тэрбумын хөрөнгө оруулалтаар хэмжигдэх далд уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн. Тун удахгүй Монголын эдийн засагт энэ хэмжээний их мөнгө эргэлдээд эхлэх хүлээлт бий болсон. Гэвч эсрэгээрээ гадаадын хөрөнгө оруулалт валютын урсгал улам бүр татарсаар байгааг статистикчид мэдээлсээр. Ер нь бол Рио-гийнхон цааш гүнзгий орж зүтгэсээр бид гадаа аман дээр нь хүлээсээр суугаа юм.
Ийм байдалд Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдээ сольж байна. Гадаадын хамтрагчдаа яаж харагдаж байгааг шууд хэлэхэд бэрх байна. Бидэнд шууд харагдаж байгаагаар бол АН ялагдсан тул МАН–ын хүн томилогдож байнаа гэсэн ганц шударга тайлбартай. Солигдсон ТУЗ-ийн гишүүдийн том амжилт нь далд уурхайн гэрээний үр дүн гэж дүгнэж болно. Тиймээс сонгуулийн сүүдрээр татагдаж буй Оюутолгойн ТУЗ-ийн гурван гишүүний хувьд далд уурхайн ажил шийдэлд хүрч, бүтээн байгуулалтаа эхэлсэн нь хэлэх тайлагнах том ажил нь болох байх.
"Оюутолгой” ХХК-ийн 66 хувийг "Туркуаз Хилл” -ийн 50.5 хувийг "Рио Тинто" авснаар Монголын Оюутолгойтой хэтэвч нэг болсон. Манай тал 34 хувийг эзэмшиж байгаа гэхэд төсөв мөнгөний томоохон асуудлууд дээр хатуу хяналт тавих байдлаар л оролцдог гэж байгаа. Уурхайн бүх гүйцэтгэх эрх мэдэл, менежмент хөрөнгө оруулагчийн талд байгаа учир бид хянах, хардах л оролцоотой гээд хэлчихэд хатуудахгүй.
Шинэ ТУЗ-ийн гишүүдийн дунд экс Ерөнхийлөгч Н.Багабанди байгаа нь олны анхаарлыг татаж байгаа. Улс орны байдлыг, олон нууцтай нь сайн мэдэх энэ эрхэм өрөм дээжээ хүртээхгүй өдий хүрсэн Оюутолгойн дээр ямар титэм үг гаргаж хэлэх нь сонин байгаа юм. Тэрээр анх удаа энэ компанид орж ирж байгаа бус урьд нь ч байсан хүний хувьд дан ганц титэм үгээр зогсохгүй үг, үйлдэл үзүүлэх учиртай хүн. Өмнөх залуу ТУЗ-үүдийн хийсэн зоригтой алхмуудыг үргэлжүүлэх үү, эс бөгөөс титэм үгээ хэлээд л суух уу гэдгээ харуулах цаг нь болсон. ТУЗ-ийн гишүүнд УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл өрсөлдсөн. Харин Н.Багабанди дахин энд хүрэлцэн ирсний хувьд тэрээр үнэхээр Оюутолгойд дархлагдсан нэгэн гэдгээ харуулсан явдал боллоо гэж үзэх нэгэн ч байгаа юм.
Рио Тинто Оюутолгойн ил уурхайн экспортоос жилдээ гурван тэрбум ам.доллар олдог гэсэн мэдээ гарч байсан. Эргүүлээд нэг тэрбум ам.долларыг гадагшаа бензинд өгчихдөг. Эрчим хүчнийхээ талыг Хятадаас худалдаж авдаг гээд манайд үлдэж болох багагүй “ногоон” гарын салаагаар хилийн цаахан хятадын тал руу орчихдог бол шинэ ТУЗ-ийнхөн болиулах хэрэгтэй. Энэ том уурхай хажуудаа хөглөрч байгаа түүхий тос, нүүрс, занарын нөөцийг ашиглаж чадахгүй хилийн цаанаас цахилгаанаа аваад байна гэхэд бас хатуу сонсогдож байгаа юм.
Бүтээн байгуулалт нь эхэлснээс хойш 1000 тонн зэс аль хэдийн экспортолчихоод байгаа Оюутолгой хажуу сумтайгаа холбогдсон хар замынхаа шавыг дөнгөж саяхан тавьж тууз хайчилсан. Наад захын олонд ил болсон энэ мэт дүр зургийг харахад Оюутолгойн ТУЗ-ийн гуравт анхаарч хийх ажил, хөрөнгө оруулагчдаа хэлэх санал, тавих шаардлага багагүй байгаа харагдаж байна.
Хэзээ нэгэн цагт ашиг хүртэх 34 хувь гэхээсээ илүү өндөр төсөвтэй үргүй зардлынх нь урсалыг Монголдоо татаж ажил горьдсон дотоодын ААН-үүддээ татдаг бол Оюутолгойн ТУЗ-ийн гурвын том гавъяаны нэг болно.
Б.ИХЭР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ