Хил, хэл, мал гуравгүй бол Монгол эмгэнэлтэй

Ховд аймгийн Мянгад, Дөргөн сумын бог малд наймдугаар сард нэгэн төрлийн өвчин гарсныг бог малын мялзан төст өвчин хэмээн оношилжээ. Малч удамд бид үхэр, гахайн мялзан гэж мэдэхээс бог малын ийм өвчинг огт дуулаагүй учир цочирдож байна. Бог малын сохор догол, эргүү, цэцэг, ямааны годрон өвчин хэмээн монгол хүн бүр мэднэ. Эмчлэх арга, өвчинг тархаахгүй байх талаар мэдлэгтэй.

Харин энэ шинэ өвчны талаар гайхан ярилцахаас өөр яаж ч чадахгүй байна. Өвчний хамралтын хүрээ нэмэгдэж 12 сум хамрагдаад байгаа аж. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр "олон улсын хорио цээрийн ангилалд багтах бог малын мялзан төст өвчнийг бууруулах, түүний тархалтыг зогсоохынтулд орон нутгаас яаралтай арга хэмжээ авч ажилласны үр дүнд өвчний тархалт буурч байна. Тус өвчнөөр Ховд аймгийн 11 сумын 43 багийн 907 өрх буюу 110 голомтод 70825 мал өвчилсөн байна. Тэгвэл одоогийн байдлаар нийт өвчилсөн малын 54861 нь эдгэрч, 4178-д хүрч өвчний тархалт, өвчлөл буураад байна" хэмээсэн ташаа шахуу мэдээ цацагдсан байна. Анхнаасаа энэ өвчинг зөвоношлогдоогүй, анхны үед нь хорио цээр тогтоогоогүй, одоо ч энэ өвчний эх үүсвэр нь тодорхой биш, голомт нь устах эсэх, ирэх жил давтагдах талаар малчдад ямар ч мэдээлэл алга байна. Олдож буй мэдээллээс үзвэл хонь, ямааг голдуу өвчлүүлдэг бог малын мялзан төст өвчин нь гоц халдварт вирус үүсгэдэг байна. Нэн ялангуяа ямаанд их халтай бөгөөд сүргийнхээ 80-100 хувийг өвчлүүлж, үхүүлэх тохиолдол байсныг дурьджээ.

Ойрхи Дорнод, Африк, Азийн тодорхой нутгаар хязгаарлагдаж байсан БММТӨ Африк, Азийн бусад хэсэгт хүрээгээ тэлэх болжээ. Мөн халдвар, эмнэл зүйн шинж тэмдэг бүхий өвчлөл бусад турайт амьтан, ялангуяа гөрөөс болон бог малтай удам нэгт зэрлэг амьтад, тэмээ, усны одос үхэрт бүртгэгдсэн байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд хатагтай Ховдод ирээд явсан сурагтай. Хатагтай танд дуулгахад Ховд аймагт та биш мэргэжлийн хүмүүсийн сургалт мэдээлэл, судлагаа, цаашид хийх ажлын талаар тодорхой чиг үүрэг хэрэгтэй байна. Энэ өвчин тахал шинжтэй байж болзошгүй байна. Манай Үндсэн хуулинд мал төрийн хамгаалалтад байна хэмээсэн алтан гэрэгэ бий.

Дашрамд дурьдахад аймгийн Засаг дарга БММТӨ-ний энэ үед хариуцлагагагүй ажилласан ХХАА-н газрын даргад арга хэмжээ авч ажлаас нь халсан байна лээ. Танд баяр хүргэе. Ингэж зоригтой алхам хийхгүй бол ажил сайжрахгүй ээ.

Сэтгүүлч Д.Жүгдэрбарам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ