Хүүхэддээ ном сонгохдоо юуг анхаарах вэ?

ХҮҮХДИЙН НОМ БҮХЭН АДАЛ ЯВДАЛТАЙ БАЙХ ЁСТОЙ БИШ...
Манай эцэг эхчүүдийн бас нэг нийтлэг гаргадаг алдаа бол зөвхөн адал явдалтай л зохиол сайн гэсэн ойлголт юм.
Адал явдал бол яах аргагүй хүүхэд багачуудын төдийгүй хэн бүхний сэтгэл, сонирхолыг татах нь тодорхой. Гэхдээ "Шадар гурван цэрэг" шиг, эсвэл "Дэлхийг 80 хоногт тойрсон нь" шиг л адал явдалтай байж сая сайн номын шалгуурт тэнцдэг юм биш.
Дэлхийн хүүхдийн шилдэг сайн зохиолуудыг анзаарч байхад адал явдал гэхээсээ илүүгээр драма, хүний дотоод гоо сайхныг илүү нээж өгсөн нь түлхүү талдаа байна.
Тухайлбал "Ногоон Давхарцагийн Аня охин" гэдэг дунд хэрийн роман бол хүүхдийн утга зохиолын магнайд яах аргагүй заларна. Зарим сурвалжид энэ зохиолыг Библийн дараа орох хэмжээнд олон удаа хэвлэгдсэн гэж бичсэн байх. ХХ зууны хүүхдийн хамгийн шилдэг, хамгийн олон хувиар хэвлэгдсэн номд тооцогдоно. Олон дахин, олон зуун сая хувиар хэвлэгдсэн гэдэг бол гэхдээ хамгийн сайн цор ганц үзүүлэлт биш л дээ. Харин юу нь, ямар илүү тал нь энэ зохиолыг тийм өргөн хүрээнд уншуулж байна вэ гэдэгт байна.
Энэ зохиолд тийм ч их адал явдал буцлахгүй. Насан өндөр болсон, үр хүүхэд үгүй эгч, дүү өвгөн эмгэн хоёр насны төгсгөлд хань болох нэг хүүг асрамжийн газраас өргөж авая гэлцээд Асрамжийн газарт захиалга өгдөг. Гэтэл Асрамжийнхан хариуцлага алдаад хүү биш охин явуулчихна. Хөөрхий өнчин охин өргөмөл аав ээжтэй боллоо хэмээн баярлаад иртэл хүү хүүхэд хүлээж байсан нөгөө хоёр нь охиныг голж, буцаах болно. Бяцхан охины сэтгэл зүрхэнд маш хүнд цохилт ирлээ. Гэвч галт тэрэг явчихсан учир маргааш болтол тэр жаахан охиныг буудал дээр орхилтой биш, гэртээ ганц хонуулахаар авч явснаар цоо шинэ амьдрал эхэлнэ. Охин эмгэн, өвгөн хоёрт таалагдаж, түүнийг өргөж авна. Үүгээр зогсохгүй өнчин Аня тэдний тосгоныхны бүгдийн сэтгэлийн татсан охин болно. Тэр ч бүү хэл дэлхий дахины хүүхэд багачуудын хамгийн хайртай дотно анд нөхөр нь болдог билээ.
Аня охинтой бага насандаа танилцсан дэлхийн улс орон бүрийн хүүхэд багачууд уг зохиолын үйл явдал болдог Канадын Ханхүү Ульяамын хагас аралд жилдээ хэдэн арван мянгаараа зочлон ирж, Аня охины явж байсан цэцэрлэгт өргөн чөлөөгөөр зугаалж, тоглож байсан газарт нь сууж, сурч байсан сургуульд, амьдарч байсан жижигхэн байшинд нь зочилцгоодог байна. Хүний сэтгэлд үнэхээр л бодит анд нөхөр мэт дотно сайхан сэтгэгдэл, дурсамж үлдээдгээс, тийм мөн чанарыг нь дуудан сэрээж чаддаг учраас л хүмүүс тийш хэрэг болгон очдог хэрэг. Тэр хагас аралд бүр зөвхөн Аня охины найзуудад зориулсан жуулчны бааз хүртэл байна.
Энэ бол адал явдалт роман биш, драма. Тэгэхээр хүүхдийн зохиол заавал адал явдалтай л байж сайн байх ёстой гэсэн үг биш болох нь ээ. Ийм драма буюу ёс суртхууны танин мэдэхүй, хүмүүжил, дотоод гоо сайхныг хүчтэй илэрхийлсэн зохиолууд олон бий дээ, хүүхдийн уран зохиолын ертөнцөд.
Жишээлбэл, Ж.Спайрийн "Хэйди охин", Ф.Бөрнэтийн "Нууц цэцэрлэг", "Бяцхан гүнж", "Сайхан сэтгэлт бяцхан эзэнтэн", У.Виггиний "Нарлаг Горхи эдлэнгийн Ребекка охин", А.Патерсоны "Агуу их Гилли Хопкинс", Л.Алкоттын "Жаалхан авхай нар", "Жаалхан эрчүүд", Ч.Диккенсийн романууд гэх мэт.
Тэгэхээр ийм төрлийн зохиолуудыг болж өгвөл хүүхэддээ танилцуулбал илүү үр дүнтэй. Өнөөдөр манай нийгэмд оюун соёл, ёс суртхуунлаг байдал ихээхэн дутагдалтай байгааг хэн бүгд мэднэ. Харин тэр дутагдалтай бүхнийг нөхөж өгөх шим тэжээлүүд чухам ийм төрлийн зохиолуудад илүү байгаа гэдэгт би итгэдэг ээ...

Б.Наминчимэд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ