Олон Улсын эрдэмтэд Монголд чуулав

Монголын Нейросайнсын Нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын эрдэм шинжилгээний хурал гурав дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө.
Тархи судлалын салбарт ажиллаж буй нийт эрдэмтэн судлаачид чуулдаг үндэсний хэмжээний энэхүү арга хэмжээ "Multidisciplinary Brain Science Forum-2016" нэртэйгээр энэ сарын 23, 24-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Төрийн Ордны Иргэний танхим мөн SS төвийн хурлын танхимд болж өндөрлөв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан Олон улсын эрдэм шинжилгээний хуралд тархи судлал, нейросайнсын салбарын дэлхийн шилдэг эрдэмтэд оролцон илтгэл хэлэлцүүллээ.
Товчхондоо, нейросайнсын шинжлэх ухаан нь мэдрэл сэтгэхүйн тогтолцоо, түүний бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг молекулын түвшнээс эмнэл зүй, нийгмийн түвшинд хүртэл судалдаг , олон салбарын нэгдмэл шинжлэх ухаан юм.
Энэ салбарыг дэлхий дахинаа хамгийн анх судалж эхэлсэн түүх нь МЭӨ 170- аад он бөгөөд Тархи Судлалын Олон Улсын Байгууллага 1961 онд байгуулагдсан.
Манай улсад Нейросайнс нийгэмлэг 2014 онд байгуулагдсан бөгөөд олон улсын түвшинд эрчимтэй хөгжиж буй тархи судлалын салбарыг Монгол улсад хөгжүүлэн нутагшуулах хувь зорилготой ажиллаж байгаа академик байгууллага аж.
Нейросайнс нь тархины бүтэц, үйл ажиллагаа, зан төрх, эс судлал, танин мэдэхүй, соёл, нийгмийн нейросайнс, молекул биологи, математик зэрэг шинжлэх ухааны олон салбарыг хамран хөгжиж байгааг эрдэмтэд онцлов.
Мөн тус хуралд оролцсон Олон Улсын эрдэмтэд, Монголын Нейросайнсын Нийгэмлэг, тархи судлалын эмч нар хурлыг ивээн тэтгэж гүн туслалцаа үзүүлсэн НИТХ-ын тэргүүлэгч, Монголын Нейросайнсын Нийгэмлэгийн хүндэт гишүүн С.Эрдэнэтуулд талархал илэрхийлж байлаа.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ