Аглууд гомдсон Онон

Ойрын өдрүүдэд хошин шогийн продакшнуудын холио солио үзэгчдийн толгойг эргүүлж ямар хамтлагийн тоглолт үзэж буйгаа андуурах тохиолдол ихэд олширсон гэнэ.

Аглуугаа "алдаж", Д.Хүрэлхүү, Г.Ундармаа нараар бүл нэмсэн “Х Түц” хамтлаг шинэ бүрэлдэхүүнтэйгээр “Би амьдралд хайртай” тоглолтоо толилуулаад эхэлчихсэн байгаа.

Тус продакшны захирал, жүжигчин Н.Онон энэ талаар “Батаа, Төөтөө зэрэг залуусын хувьд хамтлагаасаа гарсан нь шувуу далавчаа ургахаар нисэн оддог шиг л амьдралын жам. Аглуугийн хувьд би ч адилхан ойлголтгүй байгаа учраас тайлбарлах зүйл алга. Хэрэлдэж муудсан юм байхгүй, гарлаа ч гэдгээ хэлээгүй. Хамтлагаас гарч орсон хүмүүсийн хувьд би ямар эхнэр хүүхдээсээ салчихсан биш нэг их сүртэй зүйл биш. Орж гарч л байдаг” хэмээн гоморхуу ярилаа.

Нэгэнт авьяаслаг жүжигчний талаар ам ангайсных хувийн амьдрал руу нь ч нэг өнгийгөөд авцгаая. Тэрээр хүүхдүүдийнхээ амьдралд зөвлөлдөнө үү гэхээс оролцох ёсгүй гэж үздэг.

“Учир нь алдаа оноо бүр нь тухайн хүнд өөрт нь хамгийн их хамааралтай. Би ч гэсэн алдаж онож л явсан.

30 орчим настай байхдаа шинэ байранд орох гээд амьдарч байсан байраа зарчихсан байлаа. Гурав дахь хүүхэд гэдсэндээ байсан. Тэгтэл 9-р сард орох ёстой байсан байр бэлэн болоогүй, хоёр бага хүүхэдтэйгээ, тавуулаа зуслангаас буух гээд байдаг. Цас орчихсон байв. Танайд тав зургаан сар амьдаръя гээд ээж дээрээ очтол өдий нас насалчихаад энэ бол чиний асуудал гээд зөвшөөрөөгүй. Дүүгийндээ амьдарсан. Тухайн үед гомдол төрж л байлаа. Гэхдээ маш зөв байсан гэдгийг хожим нь ойлгосон” хэмээн өгүүлсэн юм.

Харин байр орон сууцны зовлон үзсэн тэрээр өдгөө олон ч байрны эзэн болж түүнийгээ түрээслүүлдэг баян жүжигчдийн жагсаалтыг тэргүүлдэг гэж нэгэн үе шуугиад амжсан. Тэднийх Рапид харшийн урд талд байрлах таун хаусанд тансагхан амьдардаг. Бизнесийнхэн цөөнгүй амьдардаг энэ таун хаус багаар бодоход 1,2 тэрбум төгрөгийн үнэтэй гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ