Ноён уулын аврал хойшлогдов

Ноён уултай холбоотой асуудлаар Захиргааны хэргийн шүүх хурал өчигдөр болж Ноён уулыг Канадын “Сентерра Гоулд” компанид ашиглуулах уу, тус газар нутгийг ухаж сэндийчихгүйгээр аварч үлдэх үү гэдгийг эцэслэн шийдэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдохоор болжээ. “Сентерра Гоулд” ХХК-ийн лицензийг хүчингүй болгох тухай “Ноён уулаа аваръя” ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа билээ. Энэхүү хэрэгт хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг татсан бөгөөд шүүгчээр Ц.Сайхантуяа, А.Насандэлгэр, М.Батзориг оролцож байгаа юм.
Хариуцагч талын өмгөөлөгч шүүх хурлын үеэр хэлсэн үгэндээ мөнгө үйлдвэрлэх аргагүй, эдийн засаг муу байгаа учир ухаж ашиглаж эдийн засгаа хөгжүүлэх тухай ярьсан байна. Түүнчлэн гадны хөрөнгө оруулагч нар хохирох гээд байгаа тул тэднийг бодолцох хэрэгтэй хэмээн дурджээ. Эцэст нь ".. Шүүгч сая нэхэмжлэгчийн талтай нүдээрээ ирмэлцсэн. Тийм учраас бид шүүгч нарыг солих өргөдлөө өглөө." гэсэн саналыг гаргасан тухай шүүх хуралд оролцогчид хэллээ. Манай шүүх байгууллагынхан ил тод ирмэлцээд суудаг болсон гэж үү? Тэрэн дээрээ тулсан байлаа гэхэд тэдэнд бусад цагаар ирмэлцэх байтугай үйлдэл үзүүлэх боломжтой гэж хардах нь илүү үнэмшилтэй баймаар. Харин ийм шалтаг гаргаж ирж шүүгчдийг солихыг хүсэх болсон цаад учир нь одоогоор тодорхойгүй.
Мөн хуралдааны үеэр "Монгол Улсад мөрдөх хууль тогтоол байхгүй үед гадаадын хуулийг Монголд шууд хэрэгжүүлж байгаа" зэрэг үг өгүүлбэрийг хэлсэн нь олны дургүйцлийг төрүүлжээ. Энэ мэтчилэн “Сентерра Гоулд” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийг шууд дарамталсан гэдгийг шүүх хуралд оролцогчид хэлж байгаа юм. Ер нь тэд юуны учир монголдоо элэггүй үгсийг хэлж, гадныхны талд орж, бусдын хэл амны бай болж байгааг нь асуухад өмгөөлөгчид "Бид Ноён уулыг ухуулахгүй бол цалингаа авч чадахгүй шүү дээ" гэсэн байна. Цалингаа л авч байвал эх орны газар шороо, үнэт зүйл, хамгаалах ёстой бүхэн харийнхны гарт орох эсэх нь хамаагүй болсон цаг иржээ.
Хурал хойшлогдох болсон хэд хэдэн шалтгаан байгаа аж. Тухайлбал, “Сентерра гоулд” компани Монголд цианит хэрэглэхдээ Олон Улсын конвецед нэгдсэн байх ёстой. Гэтэл үүнд нэгдээгүй. Зөвхөн зөөх буюу тээвэрлэх аюулгүй ажиллагааны талд нэгдсэн болохоос ашиглах буюу үйл ажиллагаа явуулах тал дээр нэгдээгүй байсан аж. Тэгэхээр Монгол Улсад “Бороо гоулд” компани 10 жил хууль бусаар цианет натри хэрэглэсэн байна. Тиймээс үүнийг шүүх тодруулах хэрэгтэй зэрэг хэд хэдэн тодруулах зүйлс байгаа учраас ийнхүү шүүх хурал хойшилсон гэсэн тайлбарыг өгөв.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уул нь хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон бөгөөд ашиглалтын 4 лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байгаа юм.
Харин Ноён уулаа аваръя ТББ-ын зүгээс Туурга тусгаар Монгол улс эцэг, өвгөдийн булш бунхан орших ганц уулаа хамгаалж,харийнхан болон нинжа нараас хамгаалж, бүхэлд нь Дархан цаазат газар нутаг болгохыг шаардаж байгаа юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ