ЗТХЯ төмөр замчдын эсэргүүцэлтэй тулжээ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын ерөнхий хорооны гишүүдийг томилсон Зам тээврийн хөгжлийн яамны шийдвэр 15 мянган төмөр замчдын эсэргүүцэлтэй тулжээ. 1 сая ам.долларын дуулиан тариад буй УБТЗ-ын ерөнхий хорооны гишүүдийн мэргэжлийн бус хэмээн үзэж буй томилгоо болон замын даргыг халах гэж буй асуудлаар МАН, Зам тээврийн хөгжлийн яамыг эсэргүүцэн УБТЗ-ын ҮЭХ, Монголын төмөр замчдын ҮЭХ-ноос мэдээлэл хийв.

1949 оноос хойш УБТЗ-ын удирдах дээд байгууллага ерөнхий хороонд үе үеийн төмөр замчдын мэргэжлийн холбоодын төлөөлөл багтаж, эгэл жирийн төмөр замчдын эрх ашгийг хамгаалах, улстөржилтөөс ангид байх зарчмыг ханган ажиллаж ирсэн аж. Гэтэл 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар, түүний салбарын яам социалист нийгмээс хойш явж ирсэн тогтолцоог халан улстөрийн шууд нөлөөг төмөр замын салбарт тогтоохоор оролдлоо хэмээв. УБТЗ-д нэг ч өдөр ажиллаж үзээгүй, төмөр замын салбарын эгэл жирийн ажилтнаас удирдах албан тушаалтан хүртэлх шат дамжлагыг даваагүй, орос хэлний мэдлэггүй хүмүүсийг Орос-Монголын олон улсын хэлэлцээр үйлчилдэг онцгой байгууллагад ерөнхий хорооны гишүүдээр томилсон явдал эгэл жирийн ажилчдыг үл хүндэтгэсэн, хувь нийлүүлэгч ОХУ-ын талыг басамжилсан, байгууллагын ирээдүйд шууд нөлөөлөх бүдүүлэг балмад үйлдэл болсон гэж Монголын төмөр замчдын ҮЭХ-ноос үзэж байгаа юм байна.

Тэд "Монгол Улсын төрийн тэргүүний санаачлагаар Монгол-Орос-Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулахаа зарлан жилд 100 сая тонн ачаа тээвэрлэх зорилтоо зарласан бөгөөд үүний дийлэнхи ачаалал УБТЗ-ын нуруун дээр ирэх энэ цаг үед мэргэжлийн бус, олон улсын харилцаанд суралцаагүй, улстөрийн шууд томилгоогоор ирж буй хүмүүсийн үйлдэл саад учруулах нь дамжиггүй.

УБТЗ-ын ерөнхий хороонд мэргэжлийн бус хүмүүсийг томилсонтой зэрэгцэн замын даргад УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү нарын улстөрчид, Д.Жигжиднямаа зэрэг өмнө нь олон жил дарга хийж ирсэн хүмүүсийг томилох санаачлага эрх баригч МАН-аас гарч буйд УБТЗ-ын ажилтан албан хаагчдын дуу хоолой болсон Монголын төмөр замчдын ҮЭХ харамсаж буйгаа илэрхийлж байна." хэмээн үзэл бодлоо илэрхийллээ.

Монголын төмөр замчдын ҮЭХ нь 15000 УБТЗ-ын ажилтан албан хаагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор байгуулагдсан, бие даасан, хараат бус, орон тооны бүтэц бүхий байгууллага юм.

УБТЗ-ын ерөнхий хороонд хамгийн сүүлд 2014-2016 ондМонголын тээвэрчдийн холбооны ерөнхийлөгч Д.Наранпүрэв, Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Ч.Сүрэнхорлоо, 2012-2014 Монголын төмөр замчдын ҮЭХ-ны дарга агсан Х.Эрдэнэ, 2010-2014 онд Монголын төмөр замчдын холбооны тэргүүн Г.Вандандагва нарын мэргэжлийн төмөр замчид хараат бусаар ажиллаж байжээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ