Долоохон настай хүүг захиалгаар хөнөөлгөжээ

"Есдүгээр сарын 6-ны өдөр Хэрлэн сумын I багт 7 настай хүү амиа хорлосон гэх дуудлага ирсэн. Дуудлагын мөрөөр очиж шалгаад хүүгийн үхэлд гадны нөлөө орсныг тогтоон, уг хэрэгт иргэн Б-г холбогдолтой хэмээн үзэж саатуулан шалгаж байна." гэсэн мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ. Нутгийн эх сурвалж хүүг захиалгат аллагаар амь насаа алдсан гэж байсан юм. Тэгвэл өнөөдөр энэ талаар ЦЕГ-аас албан ёсоор мэдээлэл өглөө.
Тодруулбал, талийгаач хүүгийн эцэг Ц нутгийнхаа С гэгч эмэгтэйтэй гэрлэхээс татгалзсан нь хүүг хөнөөх шалтгаан болсон гэж сэжигтэн эмэгтэй мөрдөн байцаалтын явцад мэдүүлжээ. Хүүг гар утасны цэнэглэгчний утсаар боомилон хороосон байжээ.
Урьдчилсан байдлаар хохирогчийн эцэг Ц-тэй хувийн дотно харилцаатай 1992 онд төрсөн С гэгч эмэгтэйг шалгаж байна. Иргэн С гэгч нь 1998 онд төрсөн Б гэгчид захиалга өгч хохирогчийн амь насанд хүрсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа юм байна.
Сэжигтнээр татагдсан хоёр этгээдийн нэг болох иргэн Б нь 2016 онд Эрүүгийн хуулийн 145, 145.2-т зааснаар хоёр жилийн ял шийтгүүлж, насанд хүрээгүй учраас ял хойшилсон байжээ. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 91.2.11-т зааснаар сэжигтнүүдэд таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа гэж мэдээллээ.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ