125 тушаал шийдвэрийг журамлана

Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалт 2011 онд 4.6 тэрбум ам.долларт хүрч байсан бол 2016 оны эхний хагас жилийн байдлаар ердөө 35 сая ам.доллар болж буурсан байна. Тэгвэл хөрөнгө оруулалт ингэж буурахад бодит хүчин зүйлийн зэрэгцээ, төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой субьектив нөлөө байгаа эсэхийг тогтоох шаардлага байгаа юм. Тиймээс Монгол Улсын Ерөнхий Сайдын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 48 дугаар захирамжаар Хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгах зэргээр эрх ашгийг нь хохироосон асуудлыг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг Хууль зүй, Дотоод хэргийн сайдаар ахлуулан ажиллуулж байна. Энэ хүрээнд хөрөнгө оруулалт, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой хууль тогтоомж, дүрэм журмын жагсаалтыг гаргаж, захиргааны хэм хэмжээний актуудыг хянасан байна.
Өнөөдрийн байдлаар Монгол улсад 598 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас 87 хууль нь аж ахуйн нэгжийн, 24 хууль нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зохицуулж байна. Түүнчлэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар 110 тусгай зөвшөөрлийг төрөлжүүлэн нэгтгэж олгохоор зохицуулжээ. Харин захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 971 захиргааны хэм хэмжээний актаас хөрөнгө оруулалт, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой сайдын тушаал 168, агентлагийн даргын тушаал 25, нийслэлийн Засаг даргын захирамж 44, нийт 237 шийдвэр байна. Тэдгээрийг хянаж үзэхэд холбогдох хуулиудад нийцэхгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангахгүй сайдын тушаал 78, агентлагийн даргын тушаал 12, аймаг нийслэлийн Засаг даргын захирамж 10нийт 100 шийдвэр байгаа нь тогтоогджээ. Тиймээс ХЗДХЯ хөрөнгө оруулагчдад тээг болж хүндрэл чирэгдэл учруулж буй 86 шийдвэрийг хүчингүй болгох, 14 шийдвэрийг шинэчлэн баталж бүртгүүлэх тухай саналаа холбогдох байгууллага албан тушаалтанд хүргүүллээ.
Өнөөдөр Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй холбоотой 6 журам бүртгэлтэй байна. Эдгээрээс Уул уурхайн сайдын 2015 оны "Үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай" 15-р тушаалаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох , ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох үйлчилгээний хөлсний хэмжээг баталсан нь Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид нийцээгүй тул хүчингүй болгох бүртгэлээс хасах саналыг ХЗДХ-ийн сайдын албан бичгээр Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлээд байна.
Түүнчлэн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн үйлдвэрлэх, угсрах, засварлах тусгай зөвшөөрөл олгох журам батлах тухай" 155 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2011 оны "Импорт, экспортын лиценз олгох журам батлах тухай"343 дугаар тушаалууд нь Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид нийцээгүй тул хүчингүй болгож, бүртгэлээс хасах саналыг холбогдох сайд нарт уламжилжээ. Тэрчлэн холбогдох байгууллагуудаас гаргасан нийтээр дагаж мөрдүүлж байгаа шийдвэрүүдийг хянаж үзэхэд МХЕГ нийт 22 тушаалыг хууль тогтоомжид заасны дагуу хянуулж бүртгүүлэхгүйгээр дагаж мөрдүүлж байсан зөрчил илэрчээ. Тиймээс дээрх тушаалуудыгхуульд нийцүүлэх, хүчингүй болгох арга хэмжээ авах санал хүргүүлээд байна.
Ийнхүү хөрөнгө оруулалтад хөндөлсөж, бизнес эрхлэгчдэд тушаа болсон тушаал шийдвэрүүдийг цэгцэлж,хуулиас давсан зарим журмуудыг журамлаад байна.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ