“Төмөр морио” согтуу унасан ч болно

Ойрын жил уулзаагүй ах дүүсийн нэг залуу ухаан санаа орж гардаг болсон тухай сонсож цочирдов. Учрыг асуувал мотцикльтэй хар зам дээр давхиж яваад жалга руу “ниссэн” гэнэ. Азаар амьд, гэхдээ тархиндаа хүнд гэмтэлтэй. Тэгээд осол гэж үзсэн үү. Ийм тохиолдолд сумын замын цагдаа очиж акт тогтоох энэ тэр ажил болох уу гэвэл их гайхаж "Юу гэж дээ өөрөө мотоциклиэс унасан юм чинь. Тэгээд л яахав дээ “ гэж байна.
Хотод хоногтоо 50 орчим жолооч согтуугаар жолоо барин “баригдаж“, 5-10 хүүхэд авто машинд мөргүүлж амиа алдах зэрэг бол бараг дасал болсон мэдээ болоод байгаа юм. Энэ бол хэвлэл сайтад байнга тавигддаг тэр хэрээрээ зохих байгууллагын анхааралд байдаг асуудал. Харин морьтой хүн мал хариулж байгаа нь харагдахаа байсан хөдөө нутагт минь хөрслөг залуучууд минь мотоциклиэс болж унаж бэртэх нь ердийн үзэгдэл болсон төдийгүй бараг л ахуйн осолд тооцогдоод тэрүүгээрээ өнгөрдөг болсон юм байна. Энэ талаар ЗЦГ сэрэмжлүүлж байгаа ч дураараа давхидаг залуусын чихэнд хүрч байгаа гэхэд эргэлзээтэй.
Нэгэнт мотор асаагаад араандаа хийгээд хөдөлж байгаа болохоор малчин залуу мотциклиэ унахдаа жолооч болчихож байгаа юм. Тэгсэн хэрнээ осол аваар нь ахуйн хэрэг мэт ердийн зүйл болчихсон. Энэ бол “би хөдөөний хүн” гэх аархалын ард зүгээр орхичихож болохгүй асуудал. Мотоциклиэс унаад шээс нь задгайрсан, үргүй болсон, тахир дутуу болсон, хагалгаанд орсон, тархиндаа гэмтэл авсан гэдэг яриаг мориноос ойчсон хүүхдийн тухай мэт сонсоод өнгөрөх бол хөдөөгийн ярианд ердийн зүйл болжээ.
Өдрийн газрыг цагаар хэмнэх сурталчилгаатай хоёр дугуйт хужаа мотоцикль жилдээ 100 орчим сайхан залуусын минь амийг авчихаад байгаа судалгаа байдаг юм байна. Мөн хэмжээний хүн бэртэж гэмтэн, хөдөлмөрийн чадвараа алдах байдал гарсаар байгааг мэргэжлийн байгууллага онцолсон байна. Энэ бол ил байгаа нэлээн ноцтой болсон тоон судалгаа. Цаана нь "за гайгүй шээс хаагдаад өнгөрлөө" гээд унаж, сундалж явсан хоёр зохицоод өнгөрч байгаа асуудал зөндөө.
Энэ нь жил бүр явуулдаг “Мотоцикль ажиллагаа” бага зохиогдоод байгаадаа бус үүнд хяналт тавьдаг автын байцаагч, хяналтын ажилтан нь хүрэлцэхгүй байгаад л учир нь байгаа.
Хөдөө сумдад замын цагдаагийн алба хаагчдын орон тоо ямар байгааг тоолоод дэмий. Нэг хүү байгаа л гэдэг. Хэсгийн төлөөлөгч цагдаа нарын хариуцах ажил ихтэйгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргийг давхар хариуцаж мотоциклийн бүрэн бүтэн байдалд үзлэг хийгээд зогсох боломжгүй. Дээр нь манай хөдөөгийн залуус билэг танхай дуундаа эрдэсхийгээд хүний үг зөвлөгөө авах нь хол.
Жолоо бариад байгаа ч юм шиг, морь унаад байгаа ч юм шиг ялгаагүй болчихсон асуудлыг нарийн судалж эрх зүйн орчны бүрхэг байдлаас гаргах талаар салбарын хүмүүс төрийнхний анхааралд ортол асуудал тавьмаар санагдана. Манай замын хөдөлгөөний дүрэм, хэрэг зөрчилд арга хэмжээ авдаг хууль согтуу мотоцикль унасан жолооч нарт үйлчлэхгүй байгааг орон нутгийн хүмүүс захаасаа хэлнэ.
Хэдхэн кг нолуураар аваад уначихдаг хямдхаан энэ мотоциклийг техник, өөрийгөө түүнийг жолоодож буй жолооч гэж ойлгодог хүн ер нь хөдөөд байгаа юм болов уу.
Мотоциклийн стандарт техникийн үзүүлэлт, аюулгүй байдлын стандартыг тусад шинэчлэх болсон байх. Энэ хүрээнд яригдсаар шийдэгдэхгүй байгаа асуудал бол хятадаас импортоор орж ирж буй мотоциклийн техникийн нөхцөл үзүүлэлтийг нь эргэн харах явдал. Нэн яаралтай Хятадын хайлшин обудтай мотоциклийг хязгаарлахгүй бол сайхан залуу цаг бусаар амиа алдсаар байна. Жилд дунджаар мотоциклиос болж 371 осол хэрэг гардаг бол үүний 345 нь Хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикль байсан тухай мэдээлэгдэж байсан. Жилд 100 залуу цагаасаа эрт явахад бид тоохгүй байж болохгүй. Бид чинь хэдүүлээ билээ.
Б.ИХЭР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ