МОСКВА: Цогоо хүү баяртай

Улаанбаатар хотын цагаар өчигдөр 14.00 цагийн орчимд Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ нийгэмлэгийн ерөнхий хорооны ОХУ-ын талын гишүүд Д.Жигжиднямааг УБТЗ-ын даргаар томилох шийдвэрт гарын үсэг зурж, баталгаажуулжээ. Мөн УБТЗ-ын ерөнхий инженерээр ОХУ-ын Эрхүү хотын төмөр замын дарга томилогдсон байна.
Энэ мэдээний задаргааг хийвэл Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ нийгэмлэгийн ерөнхий хорооны хурал алтан Москвад товлогдон болсон юм. Шинэ засаг бий болснооор хийгдэж байгаа ээлжит маш том томилгооны тохироог Москвад хийсэн хэрэг. Томилгоог ёсчлон тохиртлоо хоёр өдөр болсон юм байна. Гэхдээ энэ хурал нь 1915 оны Хиагтын гэрээ шиг эх орончдын санаачлага зүтгэл мухардсан бус захирлын томилгоон дээр улайрсан Монголчуудын цочмоор тулгалт, үүнийх нь хариуд Оросуудын сурцтай хийсэн хожоотой нүүдэл болжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр бол... УБТЗ нийгэмлэгийн ерөнхий хорооны хоёр талын гишүүд ойлголцолд хүрч, санал нэгдэхгүй асуудлууд байсан ч эцэст нь Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай зөвшилцөн Д.Жигжиднямааг замын даргад нэр дэвшүүлэх саналыг хэлэлцэн, шийдвэрлэсэн... гэж байна. Дэд сайд томилгооны тохиролцоог гардсан ба УБ луу шууд утсаар ярилцан төрийн хоёр том өндөрлөгтэй “зөвшилцөн” /үнэндээ бол хатуу даалгаврыг нь биелүүлсэн байх/ төмөр замын шинэ даргыг баталгаажуулаад намдаа нүүр бардам буцжээ.
Энэ мэдээ сайтуудад голлохоос ердөө хэдхэн цагийн өмнө өдөр тумын хэвлэлд УБТЗ-ын даргын албан тушаалыг хашиж байсан Л.Пүрэвбаатар хэвээр үлдэх юм байна гэсэн мэдээ гарсан байв. Москвагийн тохиролцоо энэ таамгаас өөрөөр явагдсан ба манай элч нар зорьж очсон гол асуудал болох захирлыг “өөрийн” хүнээр томилуулах үндсэн даалгавраа биелүүлсэн байна. Үүний цаана гуя дагаж хүзүү гэдгээр Оросын тал даргыг нь хүссэнээр нь соёрхохдоо УБТЗ-ын ерөнхий инженерийг Оросын талын хүн байхыг зөвшөөрүүлжээ.
Нэг зүйл бол илт байна. Эхлээд сошиалд МТЗ-ын дарга Монгол хүн байх ёстой гэсэн скандал явуулаад эхэлсэн. Р.Рааш зэрэг МТЗ-ын нэгэн үеийн түүхийг бичсэн мундаг даргаас улбаалаад уулаасаа Монгол хүн Оросуудын итгэлийг даагаад ажиллаж байсан үе бий. Харин одоо бол миний мэдэхээр ардчилал ялснаас хойш анх удаа УБТЗ-ын ерөнхий инженерээр Орос хүн томилогдлоо. Энэ бол дээрх тохиролцоо ямар үнээр, яаж явагдсаныг харуулж байгаа юм. Манайхан ТЗ-ын бодлогоосоо илүүтэй томилгоон дээр хамаг чармайлт хөзрөө гаргасан нь нууцгүй боллоо.
Жиргээчийн хэлбэрдэлт ба сошиалын нөлөөгөөр дэд сайдын жигүүрээ хийсэн шилэн гэх Цогоо тусгай даалгавраа биелүүлэхдээ даргын тохиролцоог Оросын ерөнхий инженерээр тулчихсан бололтой. Энэ үеийн төрийн албанд эрэмбэ арангатай эх оронч байсан Анандын Амар сайдын нэрийг мэддэг хүн ер нь байна уу? Шилэн Цогоо та, ширэн Цогоо болчихоод ирэв үү гэж асуумаар.
Ерөнхийд нь харах юм бол хамтарсан төмөр замын бодлого дээр манайхны дотоод амбиц, албан тушаалын илэрхий шургуу тулгалт нь Оросуудын дургуйг хүргэсэн төдийгүй, гол албан тушаалд өөрийн хүнээ томилуулах бэлэн гишгүүр болгосон байна. Үнэн хэрэгтээ бол УБТЗ-ын дарга, ерөнхий инженерийг солих саналыг Оросууд бус манай талаас, Зам тээврийн хөгжлийн яамнаас л улайран тавьсан. Оросын тал бол дарга нараар оролдох сонирхол байгаагүй гэдгийг эх сурвалжууд мэдээлж байсан.
Намынхаа даалгавраар явсан дэд сайд наймаалцан УБТЗ-ын ерөнхий инженерийг Оросын талын хүн байхаар тохироо хийснээ гайхуулан жиргээд байхаар үнэндээ өмнөөс нь ичиж байна. Орос инженертэй болсноор Монголын төмөр замын цаашдын бие даасан бодлого, хос төмөр замын үзэл баримтлал бүрэн хэрэгжихэд хэрхэн нөлөөлөхийг төмөр замд насаараа зүтгэсэн хэдхэн хүн мэдэхээс Цогоо мань мэт төсөөлөх ч үгүй. Энэхүү албан тушаалын томилгооны төлөө гуйлгаар шахуу хийсэн тохироог нь гавъяа болгож цэцгийн хэлхээтэй жиргээ шидээд байх нь зулгуйдалт шүү.
Олон ухаантнууд болоод улс төрчдийн “БИ” -гээ илэрхийлэх орон зай болсон твиттэрт содон байсаар дэд сайд болсон жиргээчийн өчигдрийн жиргээ бол төрийн сайд хүний өнцгөөс харахад марзан байлаа. МТЗ-ын ачаа эргэлтийг нэмэгдүүлэх дээр тохиров гэсэн жиргээ үзэгдэв. Араас нь “Алтан Москва баяртай” гэж Оросын агаарын хилийн шалган дээрээс Цогоо сайд жиргэсэн харагдав. Удаад нь амраг ханиа, гэр бүлээ санаж нэг өдрийг хэрхэн тэсэх тухайгаа жиргэлээ. Харин ард нь Москва Цогоо хүүг үдэхдээ “Монголын төмөр замын бодлого баяртай” гэсэн ёжтой мушийлттай үлдсэн байх. Үүнийг зарим мэдрэмжтэй нь тойруугаар жиргэсэн байна лээ. Тэнэг би нэмээд энэ нийтлэлээрээ бичлээ.
Нэг зүйл нэмж хэлэхэд: Ширүүн "тулаан"-аас Монголын талын даргатай болсон УБТЗ-ын хамт олны нэрийн өмнөөс @TsogtgerelB танд баярлалаа. .. гэсэн ёстой зулгуй жиргээ бас байна шүү дээ... Оросууд ер нь Монгол захирлыг сольё гээгүй.
Үнэндээ бол Орос инженер та УБТЗ –д тавтай морилж, таваараа баз гэсэн бол мэдрэмжтэй жиргээ болох юм.
Уучлаарай Орос ах нараа. Урагшгүй, ухаангүй ноёд оо өмөөрч чадахгүй нь.
Б.ИХЭР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ