04:00 цаг хүртэл ажиллахыг хүсвэл стандарт, хуулиа мөрдөхийг шаардана

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хийх ажлын мөрийн хөтөлбөрийг өнөөдөр НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан. Хуралдааны үеэр баар цэнгээний газрын цагийн хуваарийг өөрчлөх эсэх асуудалд Нийслэлийн Засаг дарга С.Батболд өөрөө тайлбар хийв. Тэрээр, “Нээлттэй байхаар иргэдээсээ асуулаа гэж шүүмжилдэг. Асуухгүй байхаар нуулаа гэж шүүмжилдэг. Би иргэдээсээ баар, цэнгээний газрыг яах вэ гэж асуусан. 50 хувь нь 04:00 цагт хаая, 50 хувь нь одоо байгаагаар нь үлдээ гэсэн. Би хотын иргэн бүрийн эрх ашгийг хамгаална. Олонхийн эрх ашигт нийцсэн журмыг батална. Баарны эзэн байна уу, оршин суугч байна уу гол нь олонхийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулах учиртай.
Баарнуудыг 00:00 цагт хаах тухайд бол сургууль цэцэрлэгээс 500 метр дотогш ажилладаг цэнгээний газруудын хуулиараа угаасаа ажиллах боломжгүй. Мөн орон сууцны нэгдүгээр давхарт баар, шөнийн цэнгээний газар ажиллах боломжгүй байдаг. Иргэд унтаж амрах гэхлээр доор нь хөгжим түжигнээд, гадаа нь хүмүүс пижигнээд байж болохгүй. Ийм учраас хууль мөрдүүлж ажиллана аа. Харин 04.00 цаг хүртэл ажиллахыг хүсч байгаа бол хаах хүртлээ халуун хоолоор үйлчилдэг, хамгаалалтын албатай, үйлчлүүлэгчийнхээ аюулгүй байдал, амар тайван байдлыг хамгаалдаг, батлагдсан стандарт, хуулийг мөрддөг, хотод татвар төлдөг байх шаардлагыг тавина. Бааранд нь хүмүүс зодолдохоор хамгаалагч нар нь хөөж гаргачихаад, гадаа зодолдохоор нь тоохгүй, тийм хариуцлага, ухамсаргүй байж болохгүй. Татвараа төлдөг, цагдаа, хуулийн байгууллагын үйл ажиллагааг хүндэтгэж, хамтарч ажилладаг байх хэрэгтэй. Үүнийг улстөржүүлэх хэрэггүй.” гэсэн юм.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ